НийгэмЧөлөөтЭрүүл мэнд

Н.Түвшинбаяр ажлаа өгөхөөс татгалзаж, МҮОХ-ны тамгаа авч зугтжээ

Олимпын аварга Н.Түвшинбаяр багийн найз Э.Энхбат начныг зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, 45 хоног хоригдож, батлан даалтад гараад удаагүй байна. Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө гэх мэдээлэл гараад байгаа.

Тэгвэл энэ мэдээлэл худал гэнэ. Энэ талаар МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр “МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Олон улсын олимпын хорооноос “Танай олимпын хорооны Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн байна. Танай байгууллага ямар ёс зүйн хариуцлага тооцсон бэ” гэх утга бүхий албан бичиг удаа дараа ирүүлсэн. Тавдугаар сарын 27-нд Н.Түвшинбаяр дарга ажил дээрээ ирсэн. Ингэхдээ Олон улсын олимпын хороо руу “Ажлаа хийх хүсэлтэй байна” гэх захидлыг илгээсэн байна лээ. Олон Улсын олимпын хорооноос ёс зүйн хариуцлага тооц гэж хэлсний дагуу манай хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ажлаас нь түдгэлзүүлэхээр болсон. Гэтэл хурал болж байх үеэр МҮОХ-ны тамга, тэмдгийг авч явсан байна. Тамгаа авчирж өгөөд, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгнө гэж найдаж байна. Хэрэв энэ маргаан удаан үргэлжилбэл манай улсын тамирчид өөрийн улсын далбааг мандуулж чадахгүй, цагаан тугтай олимпод оролцох эрсдэл үүсэж болзошгүй” гэлээ.  

Related Articles

1,088 Comments