Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэх Л.Чинбатын санаачилгыг дэмжжээ

"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат хэд хоноийн өмнө Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд өөрийн хөрөнгөөр дэлхийн жишигт нийцсэн тоглоомын талбай байгуулах санаачлага гаргасан хүсэлтээ хотын даргад олон нийтийн сүлжээгээр дамжуулсан билээ. Тэрээр энэхүү тоглоомын талбайг байгуулахад хотын даргын зөвшөөрөл хэрэгтэй байгаа тул ийнхүү хүсэлт гаргаж байна хэмээсэн юм. Тэгвэл түүний хүүхдүүдийн төлөөх энэхүү бүтээлч санаачлагыг НИТХ дахь АН-ын бүлэг дэмжин ажил хэрэг болгох, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн тохижилт, бодлого, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүсэлт хүргүүлсэн байна.

Сануулахад, тэрбээр фэйсбүүктээ “Сүүлийн үед “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-г худалдааны төв болгосон байна гэдэг шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулаад нэгэн санаачилга дэвшүүлж байна."Надад зөвшөөрөл өгөөч хотын дарга аа! Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэсэн билээ.

сэтгэгдэл үлдээх