Шатахууны үнээр тоглосон "Сод Монгол", “Тэс Петролеум" зэрэг компаниуд торгуулиа төлөхөөс татгалзжээ

Байсхийгээд иргэдийнхээ халаасыг сэгсрэх увайгүй үйлдлээрээ нийгмийг хөдөлгөж орхидог энэ хэдэн шатахууны компаниудын даврал хэрээс хэтэрчээ. Хүссэн үедээ шатахууны хомсдолд орсон нэрийдлээр үнээ нэмж орхино, бид алдагдалтай ажиллаж байна гэж худлаа хэлнэ. Тэгээд холбогдох газруудаас нь шалгалт явуулж, зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэж байгааг нь шалгаж тогтоон, хариуцлага тооцохоор хариуцлагаа хүлээж чадахгүй. 

Ийм л увайгүй хүмүүст төр төмөр нүүрээ харуулмаар байна. Учир нь энэ оны эхээр ШӨХТГ-аас шатахуун импортлогч компаниуд шатахуунаа хязгаарлаж, зохиомол хомсдол үүсгэснээс болж өргөн хэрэглээний барааны үнэ өссөн талаар иргэдээс ирсэн гомдлыг шалгахаар ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байдаг. 

Улмаар шалгалт хийж,  холбогдох ААН байгууллагуудад нийтдээ 55 сая төгрөгийн торгууль тавьсан юм. Гэвч нийт 10 ААН байгууллагаас тав нь зөрчлөө хүлээж торгууль төлсөн байна. 

Харин  “Сод монгол", “Шунхлай", “Тэс Петролеум", “Ойн бирж” ХХК, “Жэй-Эм ойл« компаниудын торгуулиа төлөөгүй өдийг хүрсэн тул асуудлыг нь шүүхэд шилжүүлжээ. 

Торгуулиа төлөөгүй өдийг хүрнэ гэдэг нь татгалзаж байна гэж ойлгох болох юм. Зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэж, ард иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэх дуртай хэрнээ өөрсдөө болохоор тавхан сая төгрөгний торгуулиа төлчихөж чадахгүй байдалтай байна. 

Б.Анир

сэтгэгдэл үлдээх