Ө.Энхтүвшин: Хөл хөдөлгөөнийг хориглож байгаа ч, гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглэх боломжтой

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өгч байна. 

Ерөнхийлөгч цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргажээ. 

1-рт... Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан Цагаан сарыг нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын ТОГТООЛ гарлаа. Мөн маргаашнаас эхлэн улсын хэмжээнд гамшгаас хамгаалсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

2-рт... Гамшигаас хамгаалах хэсэгчилэн өндөржүүлсэн бэлэн байдал заралсантай холбоотойгоор Цагаан сарын бүх нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.  

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин: Коронавирусын дэгдэлтийн оргил үе нь дуусаагүй байгаа бөгөөд энэ үе нь манай улсад цагаан сарын өдрүүдэд болж магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээд байгаа юм. Харин гуравдугаар сарын 2-ныг хүртэл хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа бөгөөд энэ хугацааг сунгах эсэхийг коронавирусийн нөхцөл байдлыг ажиглаж байж шийднэ" гэлээ. 

 Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

- Өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах ямар бэлтгэл хийх вэ?

Хуульд хэд хэдэн асуудлыг тусгасан байгаа. 1-рт Гамшгаас хамгаалах мэдээллийг хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх ажлыг нэн даруй хийх. 2-рт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлнэ гэж байгаа. 3-рт Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай хүртээмжтэй хүргэнэ. 4-рт Хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл гамшигийн болон орон нутгийн нөөц дайчлах. Хорио цээрийн дэглэмийг одоохондоо тогтоогоогүй байгаа бөгөөд цаашдын нөхцөл байдлыг харж байж энэ арга хэмжээг авах эсэхийг хэлэлцэнэ. 5-рт Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын захирамжаар бүрдүүлнэ. 

- Цагаан сарыг тэмдэглэхгүй гэхээр ямар хорио тогтоох вэ. Жишээлбэл гэр бүлээрээ ах дүү хамаатан садныхаараа золголт хийгээд явж байгаа иргэдэд хариуцлага тооцох уу? 

Засгийн газраас Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж байгаа. Хориглоно гэдэг үгийг огт оруулаагүй. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, мөрөө гаргах, гэр дотроо золгох, бууз баншаа жигнэж идэхийг огт хориглоогүй. Зөвхөн хөдөлгөөнийг хориглож байгаа. Ийш тийшээ очоол айлуудаар хэсэж золголт хийлдэг байдлыг л зогсоох зорилгоор энэ арга хэмжээг авч байна. Юм болгонд л торгож, хянадаг зүйл гэж байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарсан байх үед ард иргэд маань үүнийг ухамсараараа хүлээж аваад хэрэгжүүлэх ёстой. Дэлхий нийтийн аюул тулж ирчээд байхад бүгдээрээ энэ аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд хамтран ажиллах хэрэгтэй шүү дээ.  

- Цагаан сараас бүх нийтээр амрах 3 хоног байдаг. Тэр өдрүүдийг ажлын өдөр болгож магадгүй гэж яригдсан гэсэн? 

Баяр наадмын тухай хуульд цагаан сараар шинийн 1,2,3-нд бүх нийтээр амардаг бөгөөд үүнийг бид хөндөөгүй байна. Гэхдээ ажлын шаардлага гараад төрийн байгууллагууд тухайн өдрүүдэд ажиллахыг үгүйсгэхгүй. Энэ бол Өндөржүүлсэн бэлэн байдлын тухай хуульд тусгагдсаны дагуу "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх" гэсэн заалтын дагуу хэрэгжих юм. 

сэтгэгдэл үлдээх