Хятадын Хунань мужид шувууны томуугийн H5N1 вирусийн халдвар дэгджээ

БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас бямба гаригт мэдээлснээр тус улсын Хунань мужийн өмнөд хэсэгт орших Шаоян хотын нэгэн фермд “H5N1” буюу шувууны томуугийн вирусийн гоц халдвар дэгджээ. Халдварын голомт болж буй фермд 8000 орчим тахиа байсны 4500 нь шувууны томуугаар нас баржээ. Хятадын Эрүүл мэндийн байгууллагын зүгээс одоогоор “H5N1” вирус шувуунаас-хүнд халдсан талаарх албан ёсны мэдээллийг баталгаажуулаагүй байна. 

Хятадын эрх баригчдын зүгээс улс даяар коронвирусийн тархалт дээр нэмж “H5N1” вирусийн халдвар дэгдээхгүй байх үүднээс ойролцоох фермүүдэд 20000 орчим шувууг устгалд оруулжээ. Үүнтэй зэрэгцэн хэдхэн хоногийн өмнө Энэтхэг улсад “H5N1” вирусийн халдвар илэрч олон тооны шувуу болон өндгийг устгалд оруулаад байсан юм. Мөн сүүлийн хэдэн долоо хоногт шувууны томуугийн өөр нэг төрлийн вирус болох “H5N8” зүүн Европт тархаад буй.

Хятадаас эхтэй шувууны томуугийн тархалт 2013 онд дэгдэж дэлхийн нийт эдийн засагт 6.5 тэрбум ам.долларын алдагдал учруулсан талаар НҮБ-ын тайланд дурдсан байна.

сэтгэгдэл үлдээх