Бусдад хар тамхи борлуулдаг байсан этгээдүүдийг илрүүлжээ

Эрүүгийн Цагдаагийн Албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Б-гийн гэрт гэнэтийн үзлэг, шалгалт хийжээ. Тус шалгалтыг хийх явцад түүний гэрээс 0.3 гр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хадгалаж байсныг олж илрүүлжээ. 

Мөн шалгалтын явцад иргэн Б нь иргэн О, Т нараас мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис худалдан авсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Түүнчлэн О, Т нарын гэрт явуулсан нэгжлэгийн үед 21 гр орчим цагаан өнгийн нунтаг бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийг хэрэглэхэд ашигладаг тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгслүүдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авчээ. Хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт Монгол Улсын эрүүгийн хуулийн 20.7-д: 

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн Монгол Улсын эрүүгийн хуулийн 20.8-д: 

1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасны дагуу харициуцлага ноогдуулдаг хуультай.

сэтгэгдэл үлдээх