ЭМЯ: Замын-Үүдийн боомтоор халуурсан байдалтай орж ирсэн Өвөрмонгол ээж, охин хоёрыг нутаг буцаана

Яг одоогоор цахим орчинд Өвөр Монголын Жининь хотоос 6 настай хүүхэдтэйгээ явж байсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл газар аваад байгаа билээ. Тэгвэл энэ талаар ЭМЯ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж байгаагаар: "Зам-Үүдийн боомтоор 6 настай хүүхэд халуурсан,  хамт явсан ээж нь хоёроос халуурсан шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарлаж, тэднээс шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний хариу Замын-Үүдээс өнөө шөнөдөө ирж, шийдвэр гаргасын дараа маргааш гарна" гэсэн юм.  Одоогоор тухайн халуунтай хүүхдийг ээжийнх нь хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан бөгөөд анхны хавьтагч гэдэг утгаар тэдэнтэй автобусанд хамт байсан 17 хүнээс тархвар судлалын асуумж авч байгаа аж. 

Түүнчлэн ЭМЯ-наас коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэл ажлыг ханган ажиллахын зэрэгцээ ДЭМБ-ын зөвлөсний дагуу тэдний гаргасан заавар зөвлөмжийг дагаж ХӨСҮТ болон ЗӨСҮТ-тэй хамтран эмнэлзүйн сургалт болон ариутгал хяналтыг хэрхэн хийх талаарх сургалтыг эмнэлгийн ажилтнуудад явуулж байгаа юм байна. Мөн туршлагатай эмч нараас бүрдсэн зөвлөх баг байгуулж эмч мэргэжилтнүүдэд коронавирусийн талаар зөвлөгөө, сургалтыг явуулж эхэлжээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулсаныг хүргэж байна. 

-Замын-Үүд боомтод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар ЭМЯ-аас баттай тайлбар өгнө үү?

-Цахим орчинд цацагдаад байгаа мэдээлэл нь худал мэдээлэл. Одоогоор улсын хэмжээнд короновирус бүртгэгдээгүй байна. БНХАУ-аас Монгол Улс руу ирж байсан ээж хүү хоёрыг шалгасан. Тухайн үед ээж нь толгой өвдсөн, зургаан настай хүүхэд нь халуунтай шинж тэмдэг илэрсэн. Ээж хүү хоёрыг одоогоор тусгаарлаад байна. Мөн хилийн хяналтыг чангаруулсан байгаа.

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Шинжилгээний сорьц өнөөдөр Замын Үүдээс оройдоо багтаад ирэх байх хариу нь маргааш гарна.  Улаанбаатарт өнөөдөр хүргэгдэж, маргааш гарна. 

-Тэднийг автобусаар зорчиж байсан гэсэн мэдээлэл гарсан байсан. Тухайн автобусанд зорчиж явсан иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулсан уу?

-Тухайн автобусанд зорчиж байсан хоёр зорчигч халуурсан учраас бусад хүмүүсийг эхний байдлаар гинетикийн  шинж тэмдгээр нь халуурсан гэж үзэж байгаа. Мөн өвчлөлтэй орноос ирж байгаа учраас тэдгээр хүмүүстэ йнэгдүгээр хавьталд орсон гэж үзээд зохих үзлэг шинжилгээнүүдийг хийж эхэлсэн.  Ерөнхийдөө Коронавирусийн  сэжигтэй үндсэн гурван шинж тэмдэг байдаг.  Өндөр халуурах, ханиалгах,  амьсгалахад хүнд болох. Ямар хүмүүс өвдөж байна вэ гэхээр эрүүл мэндийн байгууллагад хожимдож хандсан, 60-аас дээш насны архаг суурь өвчтэй дархлаа суларсан хүмүүст хүндээр тусч байгаа. Тийм учраас иргэд хувь хүмүүс өөрсдийн дархлааг дэмжин сайжруулахыг зөвлөж байна. 

-Хилийн хяналт хэр сайн байгаа гэж та бүхэн үзэж байна. 

-Харьцангуй сайн байгаа учраас уг тохиолдлыг илрүүлсэн. Өмнө энэ төрлийн олон халдварт өвчний дэгдэлтийн үед ДЭМБ-ын зөвлөмжийг дагаад халуурсан хүмүүсээс болон тэдний ойрын хавьтагчуудаас цаг алдалгүй  холбогдох шинжилгээнүүдийг авч тохирох арга хэмжээнүүдийг авснаар манай оронд эдгээр өвчний халдвар зөөвөрлөгдөж орж ирэхээс хамгаалж чадсан гэж үзэж байна.  Түүнчлэн өнгөрсөн даваа гаригт энэхүү халдварт өвчнийг амьсгалын замаар халддаг гэж тодорхойлсон, эмнэлэгийн ажилчид тодорхой хэмжээгээр өвсдсөнөс гадна дэлхий нийтэд улиралын  дэгдэлт болж байна. Манай оронд ч мөн ялгаагүй. Тийм учраас ард иргэд өөрсдийн дархлааг сайжруулж уг өвчнөөс өөрсдийгөө сэргийлэх боломжтйо гэж хэлмээр байна. 

-Ямарваа нэг халдварт өвчнөөс болж урьдчилан сэргийлэх зорилгоор хилээ хаах  боломжтой юу?

-Хил хаах тохиолдол маш ховор байдаг. Учир нь ДЭМБ-аас олон улсыг хамарсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу эрүүл мэндийн байдалд гэвэл тодорхой хэмжээгээр тухайн орон нутгийн хилийг хааж тусгаарлах арга хэмжээ авдаг. Бусад тохиолдолд хил гаалийн хяналтыг сайжруулах зөвлөмжийг өгдөг.   

сэтгэгдэл үлдээх