Иргэн “А”: Гулгаа массаж гэдэг нь заавал бэлгийн ажил хийнэ гэсэн үг биш

Өнгөрсөн баасан гаригийн шөнө буюу 2019/11/29-ны өдөр ЦЕГ-аас нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газар болон саун массажны газарт гэнэтийн шалгалт хийлээ. Тус шалгалтаар Монгол улсын хууль тогтоомжийг зөрчин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг илрүүлэн ажилласан юм. Уг шөнийн шалгалтаар манай сурвалжлах баг хамтран ажиллаж дараах сурвалжлагыг бэлдлээ.

ХУУЛЬ БУС ТОГЛООМЫН ГАЗАР АЖИЛЛУУЛЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО

Сонгино хайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт автомат тоглоомын газар ажиллуулж байна гэсэн иргэний мэдээллийн мөрөөр бид бүхэн тус газарт очиж гэнэтийн шалгалт хийсэн юм.

Биднийг тус газар очиход ресепшн буюу тухайн газрыг хариуцаж байгаа нэг иргэнээс гадна тухайн тоглоомын газраар үйлчлүүлж байсан байж болзошгүй 25-45 насны 18 иргэн байсан юм.

Энэ үеэр тухайн газрыг түр хариуцаж байгаа гэх иргэн “Б”-ээс зарим зүйлийг  тодрууллаа.

-Та энд ямар ажил хийдэг вэ?

-Үгүй ээ зүгээр хураах гэж ирсэн.

-Та энд ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

-Би зүгээр л цалинтай ажил хийхээр ирсэн.

-Хэдэн төгрөгний цалингаар ямар ажил хийж байгаа юм бэ?

-Нэг л хоног 60 мянган төгрөгний ажил хийх гэж ирсэн

-Энд газар ямар үйлчилгээ үзүүлдэг вэ? мөн энд их олон залуучууд байна тэд ямар зорилгоор энд байгаа юм бол?

-Эд нар хамт зөөлцөх гэж байгаа хүмүүс. Дахиж ажиллуулахгүй гээд бид нар эд нарыг хураах гэж байсан юм.

-Өмнө нь ажиллуулж байсан юм уу?

-Хэд хоног ажиллуулж байхад цагдаагийн байгууллагаас шалгалт хийгээд арга хэмжээ аваад үйл ажиллагааг зогсоож байсан. Тэгээд буруу гэдгийг нь мэдээд өнөөдөр хураах гэж байсан.

Ямар газрыг нь мэдэхгүй ганцхан өдөр автомат тоглоомуудыг зөөх гэж 60 мянган төгрөгөөр ажил хийж байгаа гэх энэ эрхэм өмнө нь уг тоглоомын газар хэд хоног ажиллаж байсан болон цагдаа нар шалгалт хийн арга хэмжээ авсан талаар нэгд нэггүй мэдэж байгаа нь үнэхээр их анхаарал татаж байсан юм. Угтаа бол тухайн газар нь цагдаагийн газраас үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авчихаад байхад үргэлжлүүлэн нууцаар үйл ажиллагаа явуулж байжээ.

Тиймээс бид Монгол улсын хууль журмыг удаа дараа зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа тус газарт ямар арга хэмжээ авах талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулсан юм.

Тэрээр: “Сонгино хайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа автомат тоглоомын газар буюу мөрийтэй тоглоомын газарт гэнэтийн хяналт шалгалтыг хийлээ. Энэ хэрэгт Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 5:7д зааснаар “Мөрийтэй тоглоомыг зохион байгуулах” гэсэн зүйл ангиар хариуцлага тооцох болно. Түүнчлэн энэхүү газарт арваннэгдүгээр сарын эхээр шалгалт хийх явцад уг зөчил тогтоогдож байсан. Тиймээс дахин зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулах болно. Одоогоор СХД-ийн цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн ирээд ажиллаж байна. Түүнчлэн энэ хэрэгт шаардлагатай тохиолдолд прокурор зөвшөөрсөн тохиолдолд тус газрыг лацдан устгалд оруулах гэсэн хариуцлагууд байгаа” гэсэн юм.

-Тус байрны түрээсийн гэрээний дагуу уг байрыг суллачихсан байх ёстой байтал үйл ажиллагаа явуулж байгаад ямар арга хэмжээ авах вэ?

-Тухайн байр нь өөр байгууллагын эзэмшлийн обект бөгөөд энд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон.

- Иргэн Б”-д тусалж тоглоом зөөхөөр ирсэн гэсэн залуучууд нь энэ газар тоглож байснаа хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр худлаа мэдүүлэг өгсөн иргэнд ямар хариуцлага ноогдуулах вэ?

-Тухайн этгээд нь цагдаагийн алба хаагчдад худал мэдүүлэг мэдүүлж байгаа эсэхийг цагдаагийн байгууллага шалгалтын ажил явуулж илрүүлсэний дараа зохих журмын дагуу хариуцлага хүлээлгэх болно.  

Монгол улсын хууль журманд автомат тоглоомоор тоглох болон тоглуулах, орон байраар хангах нь хориотой боловч энэ мэт хууль зөрчин ажилладаг хомхой сэтгэлтнүүд олон байгаа нь нууц биш юм. Хэдий цагдаагийн газраас хяналт шалгалтыг тогтмол хийж, хуулийн дагуу арга хэмжээ авдаг ч маргааш нь тэд өөр нэг газар нууцаар дахиад л ажиллаж хэн нэгний хөлсөө гаргаж олсон мөнгийг хэнэг ч үгүй аваад тэдний амьдралыг үгүй хийн ёроол нь үл үзэгдэх ангалруу түлхсээр л.

Тэдний хувьд мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэлтэй. Харин тэдний эцэс төгсгөлгүй шуналаас болж хичнээн гэр бүл салж, хичнээн хүний нулимс урсан суугааг бодохыг ч хүсдэггүй биз.

Хамгийн харамсалтай нь энгийн хүний нүдээр харахад хүүхэд ч тоож тоглохооргүй хачин хэлбэр дүрстэй эдгээр тоглоомонд  донтсон эд хийж бүтээх насан дээрээ яваа залуус зүгээр л ... зүгээр л... гэсэн тайлбар хэлээд зогсож байгаа нь юутай гаслантай.

ИРГЭН “А”: БИ ЭНЭ БЭЛГЭВЧНҮҮДИЙГ АЖЛААСАА АВЧ ИРСЭН АНХНААСАА ЭНД БАЙГААГҮЙ ГЭДГИЙГ ХЭЛСЭН ШДЭЭ

Шалгалтын ажиллагаа үргэлжилсээр 23 цагийн орчимд бид Баянгол дүүргийн хоёр дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гулгаа массажны үйлчилгээ үзүүлдэг гэх газар ирлээ. Тус газар нь нэгэн орон сууцны нэг давхарт байрладаг бөгөөд гадна талаас нь харахад иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг газар гэж хэн ч таамаглахаагүй газар байсан юм.

Биднийг ороход ресепшн гэх эмэгтэй болон хагас нүцгэн байдалтай гурван бүсгүйгээс гадна шалаар нэг тарсан хэдэн зуугаар тоологдох бэлгэвчнүүд угтсан юм. Тухайн газар хэд хэдэн камер  байрлуулсан байсан бөгөөд үйлчлүүлэгч нэг бүрт зориулсан тусгай гэрэлтүүлэг зэргээр тоноглосон цомхон өрөөнүүдийг харахад энэ төрлийн үйл ажиллагааа явуулаад багагүй удсан бололтой. Гэхдээ тус газрын ресепшн гэх иргэн “А” манайх энгийн массаж болон гулгаа массаж мөн цэгэн бариа л хийдэг. Ямар ч иймээ тиймээ гэх юм байхгүй гэх тайлбарыг өгсөн юм.

Мөн биднийг ороход өөдөөс мэнд мэдэх нь холгүй хэвтэж байсан хэдэн зуун бэлгэвчийг өөрийнхөө өөр нэгэн ажлын газраас авч ирсэн. Энэ газартай ямар ч хамааралгүй. Энд тэгж бэлгийн замаар бэлгийн  мөлжлөг явуулдаггүй. Яах уу гулгаа массажийг би тийм гэдгийг нь мэдэхгүй ажилд орчихлоо. Гэхдээ гулгаа массаж гэдэг заавал тийм байх ёстой биш. Бид нар зүгээр л гулгаа массаж хийж байсан гэх мэтээр тайлбарыг ар араас нь урсгасаар байсан юм.  

Иргэн А:“Хэрэв миний царай төрхийг цахим орчинд мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах юм бол хүний эрх зөрчсөн хэргээр та нараас бүгдээс чинь хариуцлага нэхэх болно. Зүгээр мэдмээр байгаа юмаа асуу би хариулаад өгье” .

-Энд их болон бэлгэвч байна. Эднийг яг юунд ашигладаг вэ?

-Би өөрөө “Т.... .......д” ТББ-д хүрч очих ажилтан хийдэг. Өнөөдөр арга хэмжээтэй байгаад наадуулыг чинь авч ирээд энд өрөөд тавьчихсан байсан юм. Тийм л юм болсон.

-Нэг удаа үйлчилгээ авахад хэдэн төгрөг гэдэг вэ?

-Манайх үйлчилгээ гэж байдаггүй. Тийм янз бүрийн үйлчилгээ гэж байдаггүй. Энэ чинь жижигхэн байр байгаа биз дээ. Янз бүрийн юм болвол сонсогдоно шдээ.

-Нэг удаа массаж хийгэд хэдэн төгрөг авдаг вэ?

-Массажаа бол хийнэ. 60 мянган төгрөгөөр хийдэг.

-Ямар ямар хүмүүс танайхаар үйлчлүүлдэг вэ?

-Массаж, бариа засал хийлгэхийг хүссэн ямар л бол ямар хүн, хэд л хэдэн хэдэн насны хүссэн хүн бүр л үйлчлүүлдэг.

-Энд байгаа эмэгтэйчүүд яг ямар учиртай юм бол?

-Гулгаа массаж хийдаг. Зүгээр энгийн бариа массаж хийдэг.

-Хэдээс хэдэн насны эмэгтэйчүүд байгаа вэ?

-Бүгдээрээ 25,26 настай.

-Энэ эмэгтэйчүүд хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

-Үйлчилгээнийхээ 40 хувиар цалинждаг. 60 мянгынхаа  40 хувийг авдаг гэсэн  үг.

-Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн бичиг баримт байгаа юу?

-Тэрийг нь мэдэхгүй. Тэр нь манай захиралд байгаа би мэдэхгүй шдээ.

-Та түрүүн энэ газрыг хариуцаж ажиллаж байгаа гэсэн. Тэгээд зөвшөөрлийн талаар мэдэхгүй гэж үү?

-Би хариуцаж ажиллаад энээ тэрээ гэж хэлээгүй.

-Эдгээр бэлгэвчнүүдийг яг ямар шугамаар энд авч ирсэн юм бэ?

-Би өөрөө өөр газар ажилладаг. Сая арга хэмжээнд оролцоод эд нарыг гадуур тараах гээд авч ирсэн юм. Энэ чинь миний хувийн зүйлс.

-Яг ямар шугамаар тараах гэж байсан юм бол?

-ДОХ бэлгийн замаар халдах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор. Тэмбүү гэдэг чинь Монголоор аймар их байгаа.

-Хэзээ тарааж эхлэх гэж байсан юм бол?

-Арваннэгдүгээр сарын төлөвлөгөө нь дуусаад арванхоёрдугаар сарын үйл ажиллагаа нь эхэлчихсэн байгаа байхгүй юу. Сард 28 хүнд хүрч ажиллах ёстой байдаг юм.

-Та бүрүүн энд 488 ширхэг байгаа гэсэн. 28 хүнд арай их биш үү?

-Энэ чинь арванхоёр сарынх шдээ

-Та тэгэхээр сар бүр хүмүүст үнэгүй бэлгэвч тараадаг гэсэн үг үү? Яг хаагуур тараадаг вэ?

-Тэгдийн.  Одоо энэ “Т.... ......д” ТББ-д ажилладаг. Тэндээс тараадаг. Тэгээд энд авч ирээд тэгээд таарчихлаа.

-Цагдаагийн байгууллагаас явуулж байгаа энэхүү шалгалтын ажиллагааны талаарх таны бодол?

-Тодорхой хэмжээгээр шалгах ёстой бол шалгах л ёстой. Угаасаа янз бүрийн иймээ тиймээ юм бол байхгүй. Гэхдээ гулгаа массаж гэдэг нь жаахан буруу л юм байна.

-Та гулгадаг уу?

-Үгүй

Энэ үеэр тэрээр мэргэжлийн албан ёсны бичиг баримттай хүмүүс ажиллаж байгаа. Бид тийм янз бүрийн зүйл бэлгийн мөлжлөг хийдэггүй хэмээх тайлбарыг дахин хэлсээр байсан юм. Түүнээс ажилчдын бариа массаж хийх зөвшөөрөл болон албан ёсны бичиг баримтыг асуухад надад байхгүй захиралд байгаа хэмээн захиралтайгаа утсаар ярьлаа. Түүний дуудлагыг нэгэн эрэгтэй авсан бөгөөд тэрээр сандарсан өнгөөр цагдаагийн газраас шалгалт хийх гээд ирлээ. Та энэ хүүхдүүдийн бичиг баримтыг аваад ирэх үү хэмээн асуухад өнөөх хүн за гээд утсаа салгасан юм.

Түүнччлэн иргэн “А” өөрөөс нь асуулт асууж байгаа сэтгүүлчдээс нэр болон ажлын газрыг нь асууж “Та нар надаас асуулт асуусан. Би ч гэсэн та нартай ярилцмаар байна. Хэн гэдгийг чинь мэдмээр байна” гэх зэргээр асуулт байцаалт маягийн зүйл хийгээд амжсан.

Түүнийг цагдаа нарт холбогдох мэдээлэл өгч байх зуур бид массаж хийдэг гэх эмэгтэйчүүдээс хэдэн зүйл тодруудлаа.

Эхний массажист иргэн “Л”. Тэрээр биднийг ороход орон дээр хагас нүцгэн байдалтай хөнжил нөмөрчихсөн сууж байсан юм.

-Та массаж хийгээд хэр удаж байгаа вэ?

-Удаагүй ээ. Өчигдөр л ажилд орсон.

-Энэ хооронд хэдэн хүнд массаж хийсэн бэ?

-Өнөөдөр ерөөсөө хүн аваагүй ээ.

-Өчигдөр хэдэн хүнд массаж хийсэн бэ?

-Өчигдөр нэг л хүнд массаж хийсэн

-Та яагаад хагас нүцгэн байгаа юм?

-Хувцастай массаж хийхээр хувцас тос болчихдог

-Ажлаас чинь халаад ч юм уу ямар нэг нөмрөх зүйл өгөөгүй юм уу?

-Өнөөдөр жигдрүүлнэ л гээд байсан шдээ

-Өөрөө хүүхэдтэй юу?

-Хүүхэдтэй. Нэг хүүхэдтэй.

Хоёр дахь массажист иргэн “У”. Түүний хувьд бусад хоёрыгоо бодоход дээд боловсролтой буюу нягтлангийн мэргэжил эзэмшжээ. Мөн л өчигдөр ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч үйлчлүүлэгч аваагүй гэсэн юм.

-Таныг ийм ажил хийж байгааг гэр бүлийнхэн чинь мэдэж байгаа юу?

-Үгүй

-Яагаад ийм ажил хийхээр болсон юм бэ? Мэргэжлээрээ ажил хийхэд хүндрэлтэй байна уу? эсвэл ажил олдохгүй байна уу?

-Ажилд ортлоо мөнгөтэй болох гээд энд ажилд орсон

-Хэрвээ үйлчлүүлэгч чинь өөртэй чинь бэлгийн харьцаанд орохыг хүсвэл зөвшөөрөх үү?

-Одоогоор би тийм юмтай тулгараагүй л байна

-Ажилд орохдоо захиралтайгаа энэ талаар ярилцсан уу? Ер нь гэрээ байгуулсан уу?

-Үгүй зүгээр л ярилцаад тэгээд ажилд орсон

-Захирал чинь хэд орчим насны хүн байсан бэ?

-Надаас лав ах. Гэхдээ залуухан.

-Өөрөө хэдэн настай вэ?

-29

-Гэр бүлтэй юу?

-Үгүй

-Хүүхэдтэй юу?

-Байгаа

-Хэдэн настай вэ?

-Таван настай

-Өөрөө залуу хүн. Ирээдүйд хэн нэгэнтэй гэр бүл болоход ийм ажил хийж байсан чинь мэдэгдвэл хэцүү биш үү?

-Тэр талаар бодоогүй. Зүгээр л ажилд орохоосоо өмнө мөнгөтэй болох гэж байсан юм.

Гурав дахь массажист  буюу иргэн “Б”-ын хувьд барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй нэгэн. Тэрээр мөн л өчигдөр ажилд орсон гэх тайлбарыг хэлсэн бөгөөд одоогоор гэр бүл бас хүүхэдгүй ажээ.

Тус газар ажиллаж байгаа гурван эмэгтэй гурвуулаа өчигдөр ажилд орсон бөгөөд анх удаа ийм ажил хийж байгаа хэмээн дуу нэгтэйгээр тайлбарласан. Мөн тэд бүгд ажилд орохдоо захиралтайгаа аман тохиролцоо хийсэн бөгөөд тухайн үед нэмэлт үйлчилгээний талаар ярьж тохиролцоогүй болохоо хэллээ. Гэхдээ тэдний өмссөн хувцас болон ажлын байр, үйлчлүүлэгчийн өрөө зэргийг харахад энгийн нэг цэгэн бариа, массаж хийдэг газар биш гэдэг нь ойлгомжтой байсан юм.

Хамгийн гол нь тэд бүгд ямар нэг байдлаар бариа засал болон массаж хийх сургалтанд хамрагдаагүй бөгөөд зүгээр л захиралтайгаа ярилцаад ажилд орсон гэсэн бол ресепшн гэх эмэгтэй хэн бичиг баримт байхгүй гээд байгаа юм. Хэн нь юм гэх мэтээр асуухын зэрэгцээ манай охид бүгд бичиг баримттай. Манай захирал одоо аваад ирнэ. Гэр нь зайсанд байдаг гэсэн. Гэхдээ би очиж үзээгүй л дээ гэх мэтээр тайлбар хэлсээр үлдлээ.

 Тухайн газрыг харьяа дүүргийн цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгөөд бид дараагийн дуудлагын газар руу хөдөлсөн юм.  

БИ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ГЭЖ ИРЭЭГҮЙ ЭЭ ЭХНЭРТЭЙГЭЭ  Л УУЛЗАХ ГЭЖ ИРСЭН

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд  үйл ажиллагаа явуулдаг “Free sounа” гэх газар мөн л саун, массажны үйлчилгээ үзүүлдэг. Тус газар нилээд бөгчим яг л халуун усны газар ороод ирвүү гэлтэй орчин биднийг угтлаа.

Иргэн “М” буюу тус газрын ресепшнээс хэдэн зүйл тодруулсан юм.

-Гадаа буудал гэсэн хаяг байсан. Танайх яагаад өөр үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ?

-Буудал, караоке хоёр нь манайхтай хамааралгүй өөр түрээслэгчийнх. Манайх тусдаа саун массажны үйл ажиллагаа явуулдаг.

-Хичнээн массажисттай вэ?

-Хоёр л охин байгаа. Одоо нэг нь л байгаа гэхдээ дээшээ гараад явчихсан.

-Ийм төрлийн үйл ажиллагаа явуулахын тулд тусгай зөвшөөрөл авдаг. Тэр нь байгаа юу?

-Энд байна. Буудлаас гадна алжаал тайлах төв гэж  бичсэн байгаа.

-Массаж хийж байгаа хүмүүст мэргэжлийн үнэмлэх байгаа юу?

-Мэргэжлийн үнэмлэх нь өөрсөдөд нь байгаа.

-Та массаж хийдэг үү?

-Үгүй ээ би зөвхөн хүн угтаж авч тооцоо хийдэг ресепшн.

-Танайх яг ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Бүтэн биеийн угаалага бас массаж хийдэг.  

Иргэн “М”-ын тайлбарлаж байгаагаар тухайн газар нь үйл ажиллагаагаа явуулаад 5 сар орчим болж байгаа аж. Мөн массажистууд нь 20,23 настай бөгөөд байгууллага нь тэдний бичиг баримтыг хурааж авах эрхгүй юм байна. Тиймээс массажист охидууд бичиг баримтаа гэртээ байлгадаг гэлээ. Түүнчлэн тухайн барилгын эзэн болох түрээслүүлэгч иргэн “М”-аас үйл ажиллагаа явуулах батламжийг авсан хэмээн холбогдох баримтыг үзүүлсэн юм.

 Угтаа бол цагдаагийн газрын тодорхойлолтон дээр үндэслэн энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газарт холбогдох зөвшөөрлийн бичгийг олгодог журамтай. Гэтэл тухайн “Free sounа” гэх газрын хувьд цагдаагийн газрын тодорхойлолтгүйгээр зөвшөөрлийн бичиг авсан байсан бөгөөд энэ талаар албаны хүн тайлбарлахад иргэн “М” энэ батламжийг түрээслүүлэгч өөрөө авч өгсөн гэх тайлбарыг өгсөн юм.

Мөн бид уг газрын эрүүл аюулгүй байдлыг хэрхэн хангасан талаар лавлахад тэр талаар мэдэхгүй гэсэн бөгөөд мэргэжлийн хяналтаас шалгалт ирж байгаагүй харин цагдаагийн газраас шалгалт хийж байсан гэлээ.

-Цагдаагийн газраас шалгалт хийж байсан гэлээ. Тухайн үед энд ажилладаг охидуудын бичиг баримтыг асууж байгаагүй юм уу?

-Асууж байсан. Тэр үедээ бичиг баримтыг нь  авч явж шалгачихаад дараа нь эргүүлж өгч байсан.

-Шалгалтаар ирж байсан цагдаа нар зөвшөөрлийн талаар тайлбарлаж байгаагүй юм уу? Торгуулж байгаагүй юм уу?

-Үгүй. Торгуулж байсан. Гэхдээ цаг хэтрүүлж ажилласан гэж л торгуулж байсан гэлээ.

Түүнийг ийн тайлбар өгч байх зуур тухайн газарт үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч болох "Б"-ээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Энд яг ямар үйлчилгээ авах зорилгоор орж ирсэн бэ?

-Үйлчилгээ авах гэж орж ирээгүй

-Үйлчилгээ авах гээгүй юм бол энд ямар зоригоор байгаа вэ?

-Манай эхнэр энд ресепшн хийдэг. Тэгээд эхнэр дээрээ ирээд явах гэж байгаад та нартай таарлаа. 

-Танай эхнэрийг хэн гэдэг вэ?

-Түрүүн та нартай уулзсан шдээ.

-Та эхнэрийнхээ нэрийг мэддэггүй юм уу?

-М......

-Энэ ямар үйлчилгээ үзүүлдэг газар юм бол?

-Алжаал тайлах төв, массаж хийдэг газар

-Хүүхэдтэй юу?

-Хүүхэдтэй

-Хүүхдээ орхиод энд хоёулаа байдаг юм уу?

-Үгүй

-Гэр бүл болоод хэр удаж байгаа вэ?

-Жил гаран л болж байна. 

-Таны эхнэр гэх хүн таныг үйлчилгээ аваад гарч байгаа хүн гэж хэллээ л дээ. Та яагаад худлаа хэлэх болов?

-Тийм юм байхгүй ээ наадах чинь манай эхнэр. 

Хэдийгээр иргэн Б тус газрын ресепшн гэх эмэгтэйг өөрийн эхнэр хэмээн бүтэн нэрийг нь хэлж байсан ч өнөөх эхнэр гэгдэж байгаа ресепшн эмэгтэй нь түүнийг үйлчлүүлэгч хэмээн мэдэгдсэн юм. Тус газрыг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэсгээс шалгах бөгөөд холбогдох журмын дагуу арга хэмжээ авах юм. 

Цагдаагийн газраас “Саун, массаж” нэрийн дор охид, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой үе шаттай арга хэмжээ зохион байгуулж байгаа. Хэдий тийм ч хогийн ургамал хэзээ ч үхдэггүйн адил далд биеэ үнэлэлтийг зохион байгуулагчдийн  арга нь улам нарийсч нууц хэлбэрт шилжиж байгаа нь үнэхээр харамсалтай. 

Угтаа бол хэн, хаана, ямар обектийг хөлслөн үйл ажиллагаа явуулах нь тухайн иргэний хувийн хэрэг. Түүний эрх ч гэж хэлж болно. Үүнээс гадна өөрсдийн байраа түрээслүүлэгчийн хувьд түрээсийн мөнгөө л  цагт тухайд нь авч байвал түрээслэгчид нь тэнд лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү? ёстой түй чорт хэнд ч хамаа алга гэж боддог байх.  Гэвч тэдний энэ мэт үл ойшоосон алхам бүрийн цаана хичнээн хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгааг ядаж ганц удаа бодож үздэг бол... 

эх сурвалж: etoim.mn

сэтгэгдэл үлдээх