Аммиакийн хий алдагдсаны улмаас дөрвөн хүн хорджээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 12.40 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын 12 алба хаагч, Тагнуулын хэлтсийн гурван алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын  дөрвөн ажилтан, нийт 34 хүн, 9 автомашинтай гурван км замыг туулан 12.43 цагт очиж, “Газтек” агаар хэмжигч багажаар хэмжилт хийхэд чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон 22 ажилтныг аюулгүй газарт гаргасан.

Тус үйлдвэрийн 216 м2 талбайд усаар саармагжуулалт хийж хэмжилт хийхэд химийн бодис /60ррм/-ын илэрц байсан бөгөөд нийт 5 цаг 57 минут ажиллаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн обьектыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад хүлээлгэн өгсөн.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авч УМЭАЦТЛ-д өнөөдөр /2019.11.29/үргүүлнэ. Аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд 32 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулан дөрвөн ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийж, гэрт нь буцаасан байна.

сэтгэгдэл үлдээх