Дуучин, жүжигчин Гу Хара Чондам дахь гэрээсээ нас барсан байдалтай олджээ

Кпопын алдартай охидын хамтлаг болох KARA хамтлагийн гишүүн Хара өчигдөр буюу 2019-11-24-ны өдрийн 18:09 цагийн үед Чондам дахь гэрээсээ амьсгал хураасан байдалтай олджээ. Одоогоор түүнийг амиа хорлосон эсэхийг хэлэх боломжгүй байгаа цагдаа нар мөрдөн байцаалтын хэрэг нээн ажиллаж байна гэж Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна. Мөн Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүний үхлийн шалтгааныг өнгөрсөн аравдугаар сард нас барсан түүний хамгийн сайн найз Суллитэй холбож байгаа бөгөөд тэд хоёул сэтгэл зүйн хувьд асар их дарамтанд өртөж байсан талаар өгүүлжээ. 

Харин цахим орчинд түүний энэхүү гэнэтийн цочирлом хэргийг өмнөх найз залуу болох Чой Жон Бумтай холбон тайлбарлаж байна. Учир нь Харагийн хуучин найз залуу болох Чой Жон Бум нь түүнд хүч хэрэглэдэг байсан бөгөөд салах гэхэд нь Харгийн нүцгэн зургийг олон нийтэд дэлгэж өмчид нь халдаж байсан удаатай юм.

Түүний балмад занг тэсч чадаагүй гэж онцлоод Хара хуулийн байгууллагад хандаж улмаар шүүхээс Чой Жон Бумыг буруутай гэж үзсэн юм. Хэдийгээр анхан шатны шүүх хурлаар Чой Жон Бумыг буруутай гэж үзсэн боловч тэрээр одоо хэр нь батлан даалтаар эрх чөлөөтэй яваа. 

Үүнээс болж Хара сэтгэл зүйн тогтворгүй байдалд байсан бөгөөд өнгөрсөн тавандугаар сард өөрийн инстаграм дээрээ "баяртай" гэж бичээд амиа хорлох оролдлого хийсэн ч менежер нь яаралтай тусламж дуудан аварч байжээ. Улмаар хэсэг хугацаанд эмнэлэгт эмчлүүлсэн ч Харагийн Солонгос дахь орон сууц нь олон нийтэд ил болсон тул Японд хэсэг хугацаанд амьдарсан юм. Түүний биеийн байдал сайжирч Японд соло дуугаа гарган хэвийн амьдралдаа ороод байсан билээ.

Хара нь 1991 онд төрсөн бөгөөд 2008 онд дебүт хийгээд удаагүй байсан KARA хамтлагт гишүүнээр орж байжээ. Тэрээр 2011онд "City Hunter” кинонд ерөнхийлөгчийн охины дүрд тоглож жүжигчний гараагаа эхлүүлж байсан бол 2015онд соло дуучнаар дэбүтээ хийсэн чадварлаг уран бүтээлч юм.

сэтгэгдэл үлдээх