БНХАУ-ын иргэд бүлэглэн манай улсад хуурамч эртний эдлэл зарж байжээ

Манай  улсад эртний эдлэлд гар татдаггүй, тэрийгээ хобби болгосон хүмүүс олон бий. Иймдээ ч эртний эдлэл манай зах зээлд өндөр үнэ хүрдэг. Тэгвэл үүнийг ашиглаж эртний эдэлэлээс ялгарахын аргагүй адил зүйлсийг зарж байсан сүлжээг цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчид илрүүлжээ.

Тодруулбал: “БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНХАУ-ын иргэд байрандаа алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан болон төмөр мөнгө хадгалж байсныг илрүүлэн хурааж авсан байна.

 

БНХАУ-ын иргэд “БНХАУ-ын Мин гүрний үеийн эртний эд зүйлс Монголын нутаг дэвсгэрээс олдсоныг зарна” гэх зарыг олон нийтэд хүргэдэг байжээ. Улмаар сонирхсон иргэдэд БНХАУ-ын захын дэлгүүр зардаг бэлэг дурсгалын зүйлийг өгч залилах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.  Хураагдсан ембүүнүүдийг 10 орчмыг нь голоор нь хөрөөдөж хуваасан байжээ. Хөрөөдсөн хэсгүүдийн зарим нь 15 гр шижир алттай байжээ. Тэд иргэдэд ембүүг голдоо алттай, үнэ цэнтэй гэж итгүүлэн хуурамч эд зүйлс зарж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. Дээрх эд зүйлсийг аравдугаар сарын 3-ны өдөр каргогоор оруулж ирсэн нь тогтоогджээ.

БНХАУ-ын иргэд хураагдсан эд зүйлсийг цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйл гэж хилээр орж ирсэн байна. Тухайн эд зүйлсийг “Геологийн төв лаборатори”, “Стандарт хэмжил зүйн газар” зэрэг байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд гаальд мэдүүлсэнтэй ижил орц найрлагатай эд зүйл болох тогтоогдсон байна. Ийнхүү цагаан тугалга, зэс төмөр, цайр зэргээр хийсэн зүйлсийг эртний эдлэл гэж бусдад итгүүлэн худалдаж байжээ.

Дээрх бүлэглэл нь Камбож, Франц, ОХУ, Тайланд зэрэг улсууд руу удаа дараа зорчиж байсан нь тогтоогдоод байгаа юм байна. Тэд улс дамнаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байж болох нөхцөл илрээд байгаа юм.

Олон улсын цагдаа нарын анзаарч илрүүлээгүй бүлэглэлийг монголын цагдаа нар шуурхай ажиллаж илрүүлээд байгаа аж. Зохион байгуулалттайгаар зар тарааж эртний үнэт эдлэлүүдээс ялгарахын аргагүй ижил хийцтэй хуурамч зүйлсийг зарж борлуулдаг бүлэглэл ийнхүү илрээд байна.

Эртний эдлэл сонирхогч хэн бүхэн энэ төрлийн эд зүйлс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

сэтгэгдэл үлдээх