Аав аа, намайг битгий зодооч...

Одоогоос зургаан жилийн өмнө Шинэ жилийн баярыг угтсан томоохон сурвалжилга хийх гээд нэгэн сургуулийн хүүхдүүдтэй ярилцаж, ямар бэлэг авахыг хүссэн, юу мөрөөдөж явдаг гээд олон асуулт тавьж билээ. Хүүхэд бүр л ‘‘Унадаг дугуйтай болмоор байна”, “Жинхэнэ Санта манайд ирээсэй”, “Ангийнхаа хамгийн онц сурлагатан болохыг хүсэж байгаа” гэх мэтчилэн хөөрхөн хариулт өгч байлаа.

Гэтэл дөрөвдүгээр ангид сурдаг, үеийнхнээсээ хамгийн жижиг биетэй А гэх охин хүүхдэд баймгүй гунигтай нүдтэй охин дөрвөлжилж эвхсэн цаас гарт бариулангуутаа л зугтаачихсан. Тэр өдрийн сурвалжилга амжилттай болж, орой нь редакцдаа ирээд мөнөөх захидлыг их л баяр хөөртэйгөөр задалсан ба амьхандаа ямар нэгэн өгүүллэг, гоё утгатай зохион бичлэг, нэг бол шүлэг, хэн нэгэнд зориулсан захиа гэж л бодож байсныг нуух юун. Харин энэ захидлыг уншиж дуусахад өөрийн эрхгүй нулимс гарч, хоолойд нэг юм тээглэчхээд, дараагийн хэдэн өдөр битүүхэн шаналгаа мэдэрч билээ.

A охины захидлыг сийрүүлбэл “Би уг нь өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр хичээл хурдан тараасай гэж бодож байсан. Яагаад гэвэл ээж, агаа бид гурав ёолкоо засна гээд өглөө тохирчихсон байсан юм. Гэтэл ээж бид хоёрыг гэртээ ирэхэд аав гадаадаас ирчихсэн, бас л согтуу хүлээж байлаа. Тэгээд өглөө явахдаа гаргаад тавьсан байсан ёолкыг заагаад ээж рүү агсарч, намайг байхгүйд жаргалаа эдлэх гэлээ гээд хөл рүү өшиглөсөн.

Би ааваас маш их айдаг болохоор ээжийгээ өмөөрч чадаагүй. Өмөөрөх юм бол намайг ч зодно. Гэхдээ ээжийг үснээс нь чирэх үед би өөрийн мэдэлгүй ээжийгээ халхалсан. Тэгэхэд миний толгой руу аймар чанга цохих шиг болоод л би нэг мэдэхэд өвөөгийндөө хэвтэж байсан. Агаагийн нүд бас хөхөрчихсөн, ээжийн уруул хавдсан мөртөө намайг сэрэхэд инээхийг нь хараад би ээжийгээ маш их өрөвдсөн.

Би аавдаа хайргүй болсон. Миний гөлөгний хөлөн дээр тамхиа унтрааснаас хойш бүр ч хайргүй болсон. Тэгсэн хэрнээ миний царай аавынхтай яг адилхан. Агаа хүртэл намайг заримдаа аавтай адилхан муухай харагдаж байна гэдэг. Тийм болохоор Шинэ жил үнэхээр л хүүхдийн хүслийг биелүүлдэг бол ээж, агаа бид гурвыг аавгүй болгоод өгөөч” гэж бичсэн байв.

Хэдий олон жил өнгөрсөн ч энэ захидлыг үг үсэггүй санасан хэвээр байгаа нь хачирхалтай. Есхөн настай жаахан охин яг л том хүн шиг алдаагүй, утга найруулгатай бичсэн нь энэ. 2014 оны өвөл түүний сургуульд очиж сураглахад гэр бүлээрээ гадаад руу явсан гэж багш нь хэлж билээ. Шинэ жил дөхөх болгонд тэрхүү өөдөсхөн охин санаанд орж, элэг эмтэлдгийг нуух юун.

Хүмүүсийн баяр хөөрийг сэвтүүлж, зүрх шимшрүүлсэн бодолд автуулах нь сайн зүйл биш ч өнөөдөр мянга, мянган бяцхан жаал хүчирхийллийн золиос болж, хүйтэн шөнийг нулимс, айдас дунд өнгөрүүлж буй нь нууц биш.

ХОЁР ХҮҮХДИЙН НЭГ НЬ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛДОГ

Цагдаагийн ерөнхий газар, Хүүхдийн төлөө төв, Хүний эрхийн үндэсний комиссын судалгаа, статистикаас харахад Монгол Улсад хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж, хохирогч болжээ. ЮНЕСКО-гоос 2015 онд нийт 21 аймгийн 5,000 гаруй хүүхдийг хамруулан томоохон хэмжээний судалгаа хийсэн.

Түүврийн аргаар явуулсан судалгаанд хүүхдүүд маш идэвхтэй хариулсан ба эцсийн дүн гарахад тэдгээрийн 55 хувь нь хүчирхийлэлд өртсөн, 64 хувь нь өөрийгөө гэр бүл дэх хүчирхийллийн гэрч гэжээ. Мөн хүүхдүүдийн 87 хувьд урьд өмнө нь хэзээ нэгэн цагт нүдээр харж байсан хүчирхийллийн тухай дурсамж бий гэсэн байх юм. Түүнчлэн хүүхдүүдийн талаас илүү нь эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч, хамаатан садан, ах эгч нар, танилаасаа ямар нэгэн байдлаар айж явдаг гэдгээ илэрхийлсэн аж.

Эндээс харахад, томчуудын хэрүүл маргаан, хүчирхийлэл, үл тоомсорлох хандлага, ялгаварлал хүүхдийн сэтгэлзүйд маш хүчтэй цохилт болж, цаашилбал насан туршид нь хадгалагдах бараан дурсамж болж хоцордог байх нь. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн ихэнх нь нэгэн ноцтой зүйлийг хэлсэн нь, маш ихээр айсны дараа огьж, бөөлжих, толгой эргэх шинж тэмдэг илэрдэг гэжээ. 

Өөрөөр хэлбэл, аль ч төрлийн хүчирхийллийн хэлбэр хүүхдийн сэтгэлзүйгээр зогсохгүй бие, эрхтэн системд муугаар нөлөөлдөг байх нь.

Тэгвэл томчууд бид яагаад хүүхдээ айлгаж, дарамтад оруулах болов. Хүүхэд юм чинь, одоогоор юу ч ойлгохгүй, мэдэхгүй гэсэн томчуудын бодол буруу гэдгийг тэд эмзэгхэн зүрх сэтгэл, бяцхан биеэрээ нотолж харуулдгийг одоогоос хайхарч, анзаарах цаг болжээ.

ХҮЧИРХИЙЛЛЭЭС Л ХҮЧИРХИЙЛЭЛ ТӨРДӨГ

Яг өнөөгийн байдлаар дэлхий ертөнцөд 0-18 настай 2.8 тэрбум хүүхэд аж төрж байна. Эдгээр хүүхэд баян ядуу, хөгжиж буй, хөгжингүй гээд бүхий л улсад янз бүрийн л гэр бүлд амьдарч байгаа. Тодруулбал, нийт хүүхдийн 1.8 тэрбум нь хөгжиж байгаа оронд, хоёр хүүхэд тутмын нэг буюу нэг тэрбум хүүхэд ядуурлын байдалтай амьдарч байна. Эдгээр тэрбум гаруй хүүхэд эсэн мэнд үлдэх, өсөж хөгжихөд зайлшгүй хэрэгцээт зүйлээр дутагдаж байгаагаас эрх нь зөрчигдөж байна.

Мөн дэлхийн хэмжээнд өдөр бүр хүчирхийлэл, осол гэмтлээс болж эндэж нас барж буй таваас доош насны хүүхэд 29,158 болж өссөн болж, аюулгүй ундны усны болон ариун цэврийн тохирсон нөхцөлгүйн улмаас 3,900 хүүхэд нас барж байна. Энэ мэтчилэн тоочоод байвал хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдийн тухай жишээ баримт тоолохын эцэсгүй олон бий.

Мянганы сорилтын сангаас гаргасан судалгаагаар, хүчирхийлэл үйлдэгддэг гэр бүлд хүүхэд хохирох нь нийт улсын дунджаас 15 дахин өндөр, тэдгээр хүүхэд багачууд архи, согтууруулах ундаа, хар тамхи мансууруулах бодис хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох магадлал их, хэл яриа, сонсголын согогтой, хөгжлийн бэрхшээлтэй болох нь элбэг. Бүр харамсалтай нь хүчирхийлэлд өртсөн эх хүүхдээ хүчирхийлэх нь найм дахин нэмэгддэг ажээ.

Гэр бүлийн орчин хүүхдийн зан төрхөд шууд нөлөөлдөг. Хүүхэд насандаа ямар нэгэн сэтгэлзүйн гэмтэлд өртөж байсан хүмүүс нь сэтгэцийн өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдаг. Учир нь сөрөг, дарамт , сэтгэлзүйн хүнд гэмтэл нь сэтгэлзүйн хамгаалах хүчин зүйлийг сулруулж сэтгэлзүйн дархлаа муутай болгодог. Тийм хүмүүс нь насанд хүрээд аливаа нэгэн тулгарсан саад бэрхшээл стрессээс өөрийгөө хамгаалж чадвар султай учраас сэтгэцийн эмгэгээр өвчилдөг байна.

Сэтгэл судлаачдын гаргасан графикаар нэгдүгээрт, хүүхэд өөрөө шууд хохирогч болдог.Нөхөртөө зодуулсан ээж явах газаргүй болж, өөрийнхөө хүүхдүүдийг хүчирхийлэх явдал байдаг. Хоёрдугаарт, ийм орчинд хүүхэд хүчирхийллийг харж, зүрхэндээ тусгаж өсдөг. Ээжийгээ зодуулахыг харснаар сэтгэл санааны хувьд өөрөө хүчирхийлэлд автсантай адил болж, хүүхдүүд айдастай, түгшүүртэй байдалд ордог. Гуравдугаарт, хүүхэд хүчирхийллийг өвлөж авна.

Гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн хүүхэд хүчирхийллийн тухай бодохдоо “Хүчирхийлэл бол байдаг л зүйл юм байна” , “Хүчирхийлэлд автсан ч гэсэн тэвчихгүй бол болохгүй байдаг юм байна” гэх зэргээр бодож улмаар том болсныхоо дараа өөрөө хүчирхийлэгч болох нь 90 хувийн өндөр магадлалтай эрсдэл ажээ.

ХӨРШИЙН АМЬДРАЛ БИДЭНД ХАМААГҮЙ ЮУ

Энэ асуулт өнөөг хүртэл хариултаа олоогүй. Гэхдээ хүн төрөлхтөн хүчирхийлэлтэй тэмцэж, түүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа. Манай улсад л гэхэд дотоодын 70 орчим төрийн бус байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах хөгжүүлэх чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг тоо баримт байдаг боловч манай оронд ч эрхээ эдэлж чадахгүй мянга мянган хүүхэд байсаар л байна.

Хамгийн хачирхалтай нь, статистик мэдээлэл 2017 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсад нийт 585,6 өрхөд 18 хүртэлх насны эрэгтэй 576,645, эмэгтэй 569,380 хүүхэд “эсэн мэнд” аж төрж байгаа гэж гаргажээ. Гэвч судалгааны дүгнэлтийг гаргахдаа юунд үндэслэж хүүхдүүдийг нийтээрээ эсэн мэнд, аюулгүй аж төрж байна хэмээн олныг төөрөгдүүлсэн нь хачирхмаар.

Нэгэн жишээ, 2014 онд 12 настай У ба 11 настай А нарыг төрсөн эцэг болох Р гэгч зодож тамласан-нь бүртгэгджээ. Р хүүхдүүдийг удаа дараа төмөр, модоор зодоод зогсолгүй У-г хутгалсан гэжээ. Түүгээр ч үл барам хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, хичээлд нь явахыг хатуу хориглож, дэвтэр, ном барьсан харагдвал шуудхан зодож занчдаг байв. Мөн хувцсаа өмсөхдөө байнга хүүхдүүдийн тусламжийг авдаг байсан бөгөөд бие засахдаа ч мөн тэднээр “туслуулдаг" байж. A охины хувьд эцэгтээ хүчирхийлүүлж байсан гэдгийг хожим тогтоосон ба хүүхдүүд энэ тухайгаа хэнд ч хэлж чадахааргүйгээр ааваасаа айдаг байжээ.

Хүүхдүүдийн ээж нөхрийнхөө харгислалыг тэвчиж чадалгүй зугтаасан ч ийнхүү хоёр үрээ хар ангалд үлдээсэн. Хамгийн гол нь, хүүхдүүд байнга уйлдгийг байраараа мэдэж, хаа нэг хичээлдээ ирэхдээ нүүр ам нь сорви, хөхрөлттэй, өлөн хоосон явдгийг багш нь ажигласан мөртөө зохих байгууллагад хандсангүй. Харин А охин хүний утсыг гуйж ээждээ хүчирхийлүүлснээ хэлснээр сая нэг энэ явдал төгсгөл болжээ. Гэхдээ хоёр хүүхэд сэтгэц, бие махбодын хувьд урт хугацааны эмчилгээнд хамрагдахаас өөр аргагүйд хүрсэн байж.

Энэ асуудлыг удаа дараа сөхөж, нийгэм шахаж шаардсаны эцэст төр засгаас анхаарч, хүүхдийн 108 утсыг ажиллуулж эхэлсэн. Мөн гэмт хэргийг нуун дарагдуулж, сэргийлэх боломжтой байсан ч ойшоохгүй орхисон хүмүүст ч хариуцлага тооцохоор болсон. Мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ нь зохих үр дүнгээ өгч эхэлсэн ч хүмүүс бусдын амьдралд хошуу дүрэхгүй байх гэдэг “алтан” баримтлалаа гээсэн цагт л хүүхдүүдийг аюулаас хамгаалах ажилд нааштай нөлөө үүснэ гэж үзсэн юм.

ХҮҮХЭД “ЭМЛЭГЧ”-ИЙГ ЯАХ ВЭ

Баримт 1. “Хүүхдийн тусламжийн 108" 2014 онд анх байгуулагдсан цагаас хойш бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 503 дуудлага ирсэн байна.

Баримт 2. Үүнээс 2017 онд хүчирхийлэлтэй холбоотой 157 дуудлага иржээ

Баримт 3. Энэ нь нийт дуудлагын 30-40 хувийг эзэлж буй аж. 

Баримт 4. Дээрх дуудлагыг авч үзвэл хойд эцэг нь хүчиндсэн 17 хувь байна.

Баримт 5. Ойр дотнын хүмүүс нь хүчиндсэн тохиолдол 24 хувийг эзэлж байна.

Баримт 7. Мөн эдгээр 157 дуудлагын 122 нь хяналтад авчээ.

Баримт 8. Нэр бүхий охидын асрах төвд одоогийн байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 13 хүүхэд амьдарч байна.

Баримт 9. Хүчирхийллийн талаарх дуудлага мэдээллийн 23 хувийг тухайн хүүхэд өөрөө мэдээлсэн байдаг.

Тэгвэл эдгээр баримт зөвхөн ил болсон хүчирхийллийн тохиолдолд тооцогдсон тоотой холбоотой аж. Харин ард нуугдаж хоцорсон мэдээллийг хэрхэн гаргаж ирж, хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллээс аврах вэ. Аймшигтай балмад хүчирхийлэгчдийн талаар бага насны хүүхэдтэйгээ ярилцана гэдэг мэдээж бэрх. Гэхдээ хэзээ ч заналхийлж болзошгүй аюул нэгэнт болсон хойно бус урьдчилан сануулж ойлгуулснаар бяцхан үрээ хамгаалж чадна. Мөн энэ төрлийн эмзэг аСуудлаар аль болох тайван, чөлөөтэй, зөв өнцгөөс ярилцахгүй бол бага насны хүүхэд аймхай цочимтгой болох аюултай.

Гэр бүлийн хамааралтай хүн ч хүчирхийлэгч байж болзошгүй тул эцэг эхчүүд хүүхдэдээ хэн ямар үйлдэл хийх нь аюултай талаар мэдүүлэх үүрэгтэй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хүүхэд эцэг эхдээ загнуулахаас айж, юу гэж хэлж тайлбарлахаа мэддэггүй. Мөн хүчирхийлэгч этгээд “Хэлж болохгүй” гэж сүрдүүлдэг тул хүчирхийлэлд өртсөн хүүхэд чимээгүй өнгөрч болзошгүй.

Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ бэлгийн амьдрал, сексийн талаар ярилцахаас төвөгшөөдгөөс хүүхэд олон нийтийн сүлжээ, дам яриа, өөрийн төсөөллөөр буруу ойлголттой болох аюултай. Дарамт хүчирхийллийн талаар хүүхэдтэйгээ ярилцахдаа ногоон гэрлээр зам гарах ёстойн нэгэн адил заавал дагах ёстой зүйл шиг ярилцах хэрэгтэй.

БОЛОХООС БОЛОХГҮЙГ ХҮРТЭЛ ТЭМЦ

Монгол Улс Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай болсон. Тун ч урт хугацаа, нугачаа, эсэргүүцлийг даван байж ийм хуультай болсон билээ. Гэхдээ хууль хэрэгжих нөхцөл хэр байгаа бол. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэхэд их түвэгтэй. Энэ бол иргэд хоорондын маргаан биш. Гэр бүлийнхээ хүрээнд ярьж тохироод шийдэх зүйл бүр ч биш.

Учир нь энэ бол удаа дараа давтагддаг, даамжирдаг, хүнд хэлбэр рүү орж гэр бүлийн гишүүдийн хэн нэгний амь нас, эрүүл мэнд ноцтой хохирох эрсдэл ихтэй асуудал. Энэ байдал яван даамжирсаар хүчирхийлэгч ч өөрийгөө “Миний эхнэр юм чинь би зодож болно”, харин хохирогч нь “Би угаасаа л ийм тавилантай хүн юм байна” гээд өөртөө итгүүлчихдэг. Үнэндээ хүн бүр хүчирхийллийг үл тэвчигч байх ёстой.

Өөрөөр хэлбэл, хүчирхийлэлтэй зөвхөн төр засаг, цагдаа сэргийлэх тэмцэх биш хүн бүр үүнийг зүрх сэтгэлдээ тусган авч, өөрийнх нь амьдралд тулгараагүй ч аюулд орсон нэгнийг өмгөөлж, хамгаалдаг байх шаардлагатай юм.

сэтгэгдэл үлдээх