Спорт хүүхдийг ухаалаг болгодог

Хөдөлгөөн болон спорт нь хүүхдийг зөвхөн эрүүл чийрэг байлгахад нөлөөлдөг бус, бас ухаалаг болгодог нь шинэ нээлт биш. Харин эцэг эхчүүд үүнд тэр бүр ач холбогдол өгдөггүй. Эрүүл мэндийн асуудлыг судлагч профессор, профессор Михаела Ахт-Гадерман (Michaela Axt-Gadermann), хүүхдийн оюун ухаан, эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлсон байдаг. Тэрбээр хөдөлгөөн болон спорт нь энэ бүх хүчин зүйлсийг бүтээж бий болгох "тоосго" нь  юм гэжээ.  

Хөдөлгөөний ач тус
Хүүхдийн хөдөлгөөн нь тэдний сэтгэн бодох, суралцах, сурснаа тогтооход дэмжлэг үзүүлж, хөгжлийг нь хурдасгадаг. Судалгаанаас үзэхэд хөдөлгөөнөө чадварлаг удирддаг, биеийн тэнцвэрээ сайн хадгалж чаддаг хүүхэд хөдөлгөөн багатай, ямар нэг спортоор хичээлдэггүй хүүхдээс ухаалаг байсан нь тогтоогдсон байдаг. 

Хөдөлгөөн/спорт яагаад хүүхдийг ухаалаг болгодог гэж?
Хөдөлгөөний явцад хүүхдийн тархи хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисоор илү сайн хангагддаг. Үүний үрээр мэдрэлийн эсүүд шинээр үүсч, мөн мэдрэлийн мэдээлэл дамжуулагч эд эсүүд бий болоход дэм өгдөг бөгөөд энэ нь хүүхэд сурсан зүйлээ илүү сайн тогтооход нөлөөлдөг (1).

Биеийн тамирын хичээл-аль болох олон цаг
Янз бүрийн хэв шинжийн сургуулиуд дээр явагдсан нэгэн төслийн судалгаа (1) сургуульд биеийн тамирын хичээлийн цагийг нэмэгдүүлэхэд хүүхдүүд бүх хичээлдээ илүү сайн дүн авч байсныг харуулжээ. Түүнчлэн хичээлийн эхэнд биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийлгэхэд хүүхдийн анхаарлын төвлөрөл илт сайжирч байсан аж. Мөн бага ангийн хүүхдүүдийг 20 минутын турш гүйлтийн зам дээр алхуулж байгаад дараа нь анхаарлын тест (уншихаар), бичих, бодох шалгалт авсан байна. Дараагийн өдөр нь ямар нэг хөдөлгөөн хийлгэлгүйгээр өмнөх өдрийнхтэй нь адил материалаар шалгалт авахад хүүхдүүд өмнөх өдрийнхөөсөө нэг дүнгээр тааруу байсан аж. 

Спорт нь сурлагын цаашдын амжилтад мөн нөлөөлдөг
Спортоор идэвхтэй хичээллэдэг хүүхэд, залуучууд ихэнхдээ өндөр боловсрол эзэмшсэн байдаг нь Бонны “Ирээдүйн ажил” (IZA) институтын судалгаагаар нотлогджээ. Энэ нь охидын хувьд хөвгүүдээс илүү тод харагдаж байсан байна. 


Эцэг эхчүүд хүүхдийнхээ хөдөлгөөнийг дэмжихэд 
1.   Үлгэр дуурайл үзүүлэх. Эцэг эхчүүд хүүхдээсээ хөдөлгөөнтэй бай, ямар нэг спортоор хичээллэ гэж шаардах бус, харин хүүхэдтэйгээ тоглох, хамт спортоор хичээллэх зэргээр өөрсдөө үлгэр дуурайл үзүүлэх. Энэ нь гэр бүлийн уур амьсгалыг аятай болгохын зэрэгцээ эцэг эх, хүүхэд хоорондоо ойртон дотносоход тустай. 
2.   Хүүхэд өөрөө шийдэх. Ямар спортоор хичээллэх вэ гэдгээсээ өмнө хүүхэд маань яавал байнга хөдөлгөөнтэй байж болох вэ гэдгийг эхлэн харна. Ингээд ямар спортоор хичээллэхийг та биш харин хүүхэд өөрөө сонгоно. Яагаад гэвэл хүүхэд дуртай хөдөлгөөнөө хийж, түүнээсээ таашаал авч байвал хөдөлгөөн түүнд эерэгээр нөлөөлнө.         
3.   Илүү үр дүнтэй нь.  Эвсэл, хүч, тэсвэр шаардсан хөдөлгөөнүүд тархины хөгжлийг илүү дэмждэг. Үүнд гимнастик, аеробек, сагсан бөмбөг, бүх, авиралт, одон бөмбөг, морь унах зэрэг хөдөлгөөнийг дурдаж болно. 
4.   Гадаа орчиндоо.  Заавал спортын аль нэг төрөл гэхгүйгээр гадаа хийж болох янз бүрийн хөдөлгөөн хүүхдэд мөн тустай. Жишээлбэл, алхах, гүйх, дугуй унах, дээс, жартаа тоглох гэх мэт. 

 

сэтгэгдэл үлдээх