Айдсаасаа үүдэн 30 жил усанд ороогүй эмэгтэй

Донна Макмохан таван настайгаасаа хойш анх удаа усанд орсон байна. Учир нь тэрээр уснаас айх өвчтэй байжээ. Түүний энэ айдас нь таван настайдаа далайн эрэгт гэр бүлтэйгээ аялж явахад нь үүссэн гэдэг.

Донна Макмоханг усанд живж ухаан алдах үед нь аав нь үснээс нь татан аварснаас хойш тэрээр гол мөрөн, далайн эрэг, тэр ч бүү хэл усан санд орохоос ч айдаг болжээ. Ийм төрлийн өвчнийг эмч нар бус сэтгэл зүйчид эмчилдэг гэнэ. Тэрээр энэ жил сэтгэл зүйч Роберт Хайсийнд очиж дөрвөн сарын дотор өвчнөө бүрэн эмчлүүлж, айдсаа даван туулж чадсан байна.

 

 

Тэрээр, "Өмнө нь надад маш хэцүү байсан. Усанд орж чадахгүй бие алчуураар арчиж эсвэл хэсэгчлэн угаадаг байлаа. Одоо би ч гэсэн бусадтай адил тайван усанд орж чаддаг болоо. Би маш сайхан зүйлээс айж явснаа одоо л ойлголоо" хэмээн өгүүлжээ. Энэ мэт бодит шалтгаангүй айдас буюу фобигийн маш олон төрлүүд байдаг. Yүний заримаас нь сонирхуулъя.


АГАРОФОБИ

Энэ нь задгай газраас айх эмгэг юм. Гудамж, талбай гэх мэтийн ил задгай газар байж чаддаггүй гэсэн үг. Өргөн замыг хөндлөн гарахаас, талбайгаар явахаасаа ч тэд айдаг.


КЛАУСТРОФОБИ

Битүү орон зайнаас айх эмгэг. Лифтэнд сууж чадахгүй, жижиг өрөөнд байж чадахгүй гэх мэт. Хаалттай, түгжээтэй, зай багатай бүхнээс шалтгаангүйгээр айна. Яг юунаас нь айгаад байгаа юм бэ гэсэн асуултад тэд бодитой тайлбар хэлж чаддаггүй.


ОКСИФОБИ

Энэ нь хурц үзүүртэй эд зүйлээс айх эмгэг. Хурц үзүүртэй зүйл гэнэт амь ороод өөрийг нь, эсвэл бусдыг гэмтээчих вий хэмээн тэд айж явдаг.


ГИПСОФОБИ

Өндрөөс айх эмгэг. Өөрийгөө хянаж чадахаа байгаад өндөр дээрээс гэнэт үсэрчих вий, гэнэт бие муудаад, эсвэл халтираад өндөр дээрээс уначих вий гэсэн айдас юм.


ДИСМОРФОФОБИ

Эрэмдэг, муухай бие, зүс царайтай болох вий гэсэн айдас. Энэ нь гол төлөв загвар өмсөгчид, бодибилдингийн тамирчид зэрэг хүмүүст тохиолддог. Тэд өөрийн бие, зүс царайнаас хайсаар байгаад өө олж, түүнийгээ хүний нүдэнд тусчих вий гэхээс айж явдаг.


НОЗОФОБИ

Хүнд өвчнөөр өвчлөхөөс айх. Хорт хавдар тусахаас, ДОХ -ын халдвар авахаас, галзуу өвчин тусахаас, зүрхний өвчин тусахаас айх айдас юм.

Нийгмийн фобигоос бусад төрлийн фобигийн хямралууд нь гол төлөв эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд тэднийг  бусад хүмүүс сонин юмнаас айсныхаа төлөө шоолж инээлдэх нь тэднийг улам хүнд байдалд оруулдгаас үүдэлтэй байна.

сэтгэгдэл үлдээх