Ганцаардал нь хүнийг үхэлд хүргэдэг

Бүх мэдрэмж дундаас хамгийн аймшигтай нь ганцаардал хэмээн хүмүүс ам гардаг. Заримдаа ганцаардал таны уран бүтээлийн онгод болох ч бусад үед хоосон мэдрэмж төрүүлэх болно. Ямар нэг зүйлээ гээсэн эсвэл олж чадахгүй байхад бидэнд ямар байдаг билээ. Үүгээр сэтгэлээ шаналгаж, тэр даруй стресстэж орхидог. Утсаа алга болсон байгааг мэдэх нь үхэх мэдрэмжтэй тун ойрхон гэж ярих нь бий.

Үргэлж л хэн нэгнийг үгүйлж, ямар нэгэн зүйлээ алдсан мэт санагдаж, түүгээр дутагдах нь бие организмд хэрхэн нөлөөлдөг бол? Хэрэв энэ мэдрэмж удвал та яваандаа анзаарахаа байж, дасан зохицож эхлэх болно. Хэчнээн хүнд хэцүү байсан ч аяндаа дасаж, юу ч мэдрэхээ болино гэсэн үг. Ингэвэл асар аюултай аж. Ганцаардлаас болж гормон хуурамч дохио илгээж, эсийн молекулд нөлөөлдөг болохыг сэтгэлзүй бие организмын харилцан уялдааг судлаачид олж тогтоожээ. Эндээс харахад, удаан хугацааны ганцаардал таныг хямраагаад зогсохгүй үхэлд хүргэх аюултай. Цусны даралт ихсэх, цусны цагаан эс бөөгнөрөх, зүрхний хэм алдагдах, стрессдэх зэрэг бие организм үзүүлэх сөрөг нөлөө энүүхэнд. Яваандаа нян адил таны дархлааг үгүй хийхээс гадна сэтгэлийн гүн дарамтанд оруулах болно. Үүнээс үүдэн аливааг ухамсарлах чадваргүй болсноор амиа хорлох оролдлого хийдэг байна.

Ганцаардлаас үүссэн мэдрэмж, сэтгэл хөдлөл нь хор уршгаараа тамхидалтаас дутахгүй аж. Ганцаардал альцхаймер, таргалалт, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, зүрхний шигдээс, мэдрэлийн эсийн доройтол, хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн ганцаардмал хүмүүсийн хавдрын үсэрхийлэл бусад хүмүүсийнхээс хурдан хэмээн онцолжээ.

Ганцаардал маш олон шалтгаантай. Гадуурхалт, хүчирхийлэл, айдас зэргээс үүдэлтэй байх бол онцгой шалтгаангүй нь бий. Бусдад сэтгэлээ нээх нь ганцаардалтай тэмцэхэд тустай. Та үргэлж үнэн дүр төрхөө нуун баг зүүдэг бол бусадтай бат нөхөрлөж чадахгүй шүү дээ. “Ганцаардал бол өвчин. Хэрэв хайрлаж халамжлах хүн байхгүй бол улам дордох ба нийгмийн дэмжлэг, харилцаа үгүй бол эмчлэх аргагүй” гэж Жүдит Шүлевиц тэмдэглэжээ.  Үүнээс сэргийлэхийн тулд эм бэлдмэл ууж болох ч хүмүүстэй харилцаж, өөрийгөө танин мэдэж, амар амгаланг мэдрэхээс илүү үр дүнтэй эмчилгээ үгүй аж. Их бага нь хамаагүй, ганцаардлыг мэдэрч л байгаа бол өөрчлөлт хийх цаг болсон гэсэн үг. Долоон тэрбум хүнтэй, асар уудам дэлхий дээр уулзаж болох хүн, хийж болох зүйлс дутахгүй нь лав. Хэрэв хуучин гудамж, өнөө л ажил, өнөө л хүмүүс таныг тойрон хүрээлж байгаа бол хамгийн түрүүнд хийх алхам бол орчноо өөрчлөх. Нүүх, аялалд явах, шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ажлаа солих гэх мэт ямар ч хамаагүй багахан өөрчлөлтөөс эхэл. Танихгүй хүмүүстэй харилцаж, хийж үзээгүй зүйлээ хий. Сонсдог дуунуудаа өөрчилж, идэх хоолондоо анхаар.

 

Хэзээ ч уулзаж байгаагүй хүнд захидал бич, сэтгэлээ уудалж ярь. Тэжээвэр амьтантай болох нь хамгийн зөв шийдвэр. Ууланд гарч, өглөө нар мандах нь бас нэг үр дүнтэй арга. Байгальтай ойр байх тусам та ганцаараа биш харин эх дэлхийн нэг хэсэг гэдгээ мэдрэх болно. Оршиж байгаа юм бүхэн учир утгатай, та ч бас ямар нэгэн зүйл хийх ёстойгоо ухаарах билээ. Магад үүнийг мэдэрснээс хойш та өмнө нь хийж байгаагүй олон зүйлийг бүтээж, туурвих болно.

Ганцаардлыг таягдан хаяж, өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол таны хийх зүйл ердөө л хуучин дадал, орчноосоо салж, шинэд тэмүүлэх юм шүү. Ингэж чадсанаар та эрүүл, аз жаргалтай, хамгийн гол нь адал явдлаар дүүрэн амьдарч чадна.

сэтгэгдэл үлдээх