Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

Венецийн контемпорари урлагийн олон улсын биеннальд оролцож буй Монгол улсын үзэсгэлэн олны анхаарал татаж, Италийн Венец хотноо шуугиан дэгдээж байна. Урлагийн холимог төрлөөр оролцож байгаа үзэсгэлэнгээ монголчууд “Агшин зуур” гэж нэрлэжээ. Уран бүтээлч Э.Жанцанхоролын “Дусал” бүтээл л гэхэд хөөмий, электрон хөгжимтэй нэг цул дүрслэл болгож үзэгчдэд хүргэхээр төслийн куратор шийджээ.

Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

Венецийн хуучны тоосгон байшин дотор Жанцанхоролын үүсгэсэн абстракт орон зайнд, хүний дотоод дуу хоолойг хөөмийн арга техникээр дамжуулан цахим хөгжимтэй сүлэлдүүлэн амилуулахад Германы домогт уран бүтээлч Карстен Николайн удирдлага дор монгол хөөмэйч Н.Ашит, А.Ундармаа, Д.Даваасүрэн, Д.Дамдин нар хамтран ажиллаж байна. Энэхүү ер бусын бүтээл, дуу чимээний өвөрмөц зохиомж, олон талт байдал нь Венецийг зорин ирсэн урлаг сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж байгаа аж. Намуу тайван хирнээ хүчирхэг, бас гүнзгий дуурьсах аялгуунд автаж зарим үзэгч бясалгаж, зарим нь уйлж байсан гэнэ.

Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

Венец хотын Калле дел Форно хэмээх нарийн гудамжинд байрших Монголын павильоны куратор Б.Гантуяатай уулзахад “Манай үзэсгэлэнг сонирхсон үзэгчдийн дараалал тасрахгүй байна. Эрин цагийн урлагийг үндэсний язгуур урлагтай холбосон шийдлийг сонгосон нь биднийг бусдаас өвөрмөц давуу болгож байна” гэлээ.

Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

Венецийн биенналь бол 2 жил тутамд зохиогддог  хамгийн том, нэртэй хүндтэй үзэсгэлэн бөгөөд энэ жил 150 гаруй улсын 1000 гаруй уран бүтээлчид оролцож байна. 7 сарын турш үргэлжлэх энэ арга хэмжээний нээлтэнд дэлхийн олон орны ерөнхийлөгч, ерөнхий сайд, 20 гаруй мянган, урлаг судлаачид, уран бүтээлчид, цуглуулагчид, сонирхогчид иржээ. Монголын павильоны нээлтэд олон орны куратор, урлагийн мэргэжилтэн нийт 100 гаруй хүн зочилж, Монгол улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж нээж үг хэлэв.

Түүнчлэн Карстен Николай болон Монгол хөөмийчдийн хамтарсан багийг энэ үеэр Венец хотын алдарт Палацо Грасси театрт урьж, дээд түвшний зочдод сонирхуулсан нь онцгой тохиолдол байлаа.

Уг үзэсгэлэнг Монголын боловсрол, соел, шинжлэх ухаан, спортын яамнаас Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулж, МИАТ, Германы Гете институт, Швейцарийн хөгжлийн агентлаг болон бусад байгууллагууд ивээн тэтгэж ажиллажээ. 

Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

Эх сурвалж: Eagle.mn

сэтгэгдэл үлдээх