БусадЧөлөөт

Ихрийн ордны хүмүүс хамгийн авъяаслаг байдаг

ЗАН БАЙДАЛ
Ихрийн ордынхны агаар солигдмол, нэг бол дулаан нэг бол хүйтэн. Хамгийн их хувирамтгай орд юм. Тэд өөрсдийнх нь эсрэг шүүмжлэл, элэглэл, доог тохууг зөнгөөрөө мэдэрч үл тоодог. Амьдралаа өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Хэн нэгнээс шалтгаалж амьдрахыг хүсэхгүй.

Тодорхойгүй зантай, байнга хоёрдмол санаатай. Хоёрдмол амьдралаар амьдарч чадна. Хоёрдмол зан авиртай: нэг талаас хурц ухаан, дур булаам байдал, хөгжилтэй зан нөгөө талаас уур цухал, ичгүүргүй зантай.

Ихрийн ордынхон ухаантай, бүх талын мэдлэгтэй, дасан зохицох чадвартай. Хүмүүст ухаан, дур булаам байдлаараа нөлөөлдөг. Энэ ордод 2 хүн зэрэгцэн оршино. Сэтгэн бодохдоо, яриа хөөрөө өрнүүлэхдээ сайн. Маш нийтэч. Тэд аливаа зүйлийг шүүрэн авдаг.

Нөгөө талаас цухалдуу. Хийрхүү. Жижиг юмыг том болгох, бэртэгчин, хар амиа бодсон, аар саар юмаар хөөцөлдсөн, хүйтэн шазруун зантай. Заримдаа хийж байгаа зүйлээ зөнд нь хаядаг тул амжилт олох нь ховор. Өөртөө итгэлгүй байдал, энергийн дутагдал, хувь заяандаа даатгах /фатализм/ зэрэг нь түүнд эргээд хор болдог. Хувирамтгай зан авираасаа, аливаа өөрчлөлтөнд дуртайгаасаа болж оршин суугаа газар, ажил төрөл, бодол санаагаа байнга өөрчилдөг.

Ихэр, шинэ сонин үзэл санаа, шинэ сэтгэлгээ дүүрэн хүмүүс бөгөөд аливаа зүйлийн учир жанцанг олохдоо гаргууд. Арга овтой. Зохион бүтээх чадвартай. Шинэлэг зүйлд соргог. Бүх насаараа суралцдаг. Хэвшмэл юм бүхэнд дургүй. Хэрэв хичээж зүтгэвэл амжилт олох нь гарцаагүй.

Энэ ордонд төрсөн хүмүүс шүүмжилж мэтгэлцэж чаддаг ба хуучинсаг үзэл хуучинсаг хүмүүсийг тэвчдэггүй. Удаан сэтгэдэг, дууриамтгай хүмүүст дургүй. Тэд ярих дуртай харин сонсох дургүй. Ерөнхийдөө Ихэр найрсаг зантай. Амьдралд тохиолдох ямарч нөхцөлөөс хөнгөхөөн гарч чадна. Тэр хүмүүсийг эрх мэдэлдээ оруулж байнгын түгшүүртэй байдалд байлгадаг.

Нэгэн зэрэг олон ажил бүтээж чадах боловч өдөр тутмын аар саар зүйл тэднийг залхаадаг. Тэрээр ёсчлон нямбай хийх, нэгэн хэвийн байдалд байх сонирхолгүй. Анхаарал нь ихээхэн сарнидаг тул байнга цагаасаа хоцордог. Ихрийн ордынхон замбараагүй, ёс журамгүй, итгэл хөсөрдүүлэхээс буцахгүй. Ихээхэн хийрхүү янз бүрийн “мания”-д автдаг. Өөрийн хүслийн тэс эсрэг биеээ авч явдаг.

ЭРҮҮЛ МЭНД
Ихэр урт гар хөлтэй, бараг таргалдаггүй, хуурай мэдрэмтгий арьстай. Байнга даарч ханиад томуу, харшилд амархан өртдөг. Ер нь сайн биетэй бөгөөд хэт их идэх, архи дарс хэтрүүлж уудаггүй. Тархи нь байнга ажиллаж байдаг учраас сайн унтаж амрах хэрэгтэй боловч тэд биеэ суллаж амрааж сураагүй. Шөнө нойр нь хүрдэггүйгээс болж мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг.

Үе мөчний өвчин, тархи толгойн өвчин, уушиг, амьсгалын замын өвчинд ихээхэн нэрвэгддэг. 12 ордоос хамгийн их аваар осолд орж гэмтдэг. Тэдэнд нар, цэвэр агаар сайнаар нөлөөлнө. Мах их хэмжээгээр идэх муу.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ихрийн ордыхон машид авъаслаг. Урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнхи салбарын хамгийн олон суутнууд Ихрийн ордод төрсөн байдаг. Ихэнхи нь оюуны хөдөлмөр эрхэлдэг. Сэтгэгдэл, сонирхол нь байнга солигдож байдаг ажилд дуртай.

Бараг бүх Ихэр үг яриа сайтай бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг тул зохиолч, яруу найрагч болох нь олонтаа. Гадаад хэлийг түвэггүй сурна. Хэрэв өөр юманд анхаарлаа сарниулчихгүй л бол ямарч ажлыг амжуулна. Тэдэнд хурдан шаламгай үйлдэл хийх шаардлагатай оюуны хөдөлмөр маш тохиромжтой.

Ихэр асар хурдан шийдвэр гаргаж чадна. Тэрээр шинэ санаа, оновчтой арга зохион бүтээх чадвартай. Шүүмжлэхэд дургүй. Бусад хүмүүсийн салан задгай бохир заваан байдал дургүйг нь хүргэдэг. Мөн түүнчлэн яриа хөөрөө сайтай тул сүрхий худалдаачин болж чадах бөгөөд техникийн ажилтан, жүжигчин, сэтгүүлч, лам, нарийн бичиг, шүдний эмч болдог. Тайлан, илтгэл, бичиг баримт янзлахдаа сайн. Судалгаа шинжилгээний ажил Ихэрт тун тохиромжтой.

Ихэрт тэвчээр тогтвортой зан маш дутмаг. Өөрийнхөө нэг юмыг хаячихаад өөрөөсөө эрээд эрээд ер олохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Тэдэнд дурлах амаргүй. Өөрт нь хайртай хүнээс бултдаг зантай. Хүнтэй амархан танилцдаг боловч урт хугацаагаар холбоотой байх нь ховор. Нэгэн хэвийн харьцаа уйтгартай санагддаг учир гэр бүлийн амьдрал нь тэр болгон тогтвортой байж чаддаггүй. Заримдаа ч дарамттай юм шиг санагдана.

Ойр дотны хүмүүс нь ямар нэгэн байдлаар дургүйг нь хүргэвэл харьцаагаа шууд таслахаас буцахгүй. Ихэнхи тохиолдолд хатуу сэтгэлтэй, өр зузаан. Дурлал Ихрийн хувьд тоглоом. Түр зуурын холбоо сүлбээнд амархан ордог бөгөөд сексийн амьдралд элдэвтэй. Найз нөхөд, хайртай хүнээ агаар, гал махбодитой хүмүүсээс сонгох нь зөв. Газар, ус махбодь таарамж муутай.

Эцэг эхийн үүрэг хариуцлага тэднийг ихээхэн залхаадаг. Үр хүүхэдтэйгээ үе тэнгийн мэт харьцах боловч анхаарал бага тавьдаг. Учир иймд үр хүүхэд нь зохих ёсны хүндэтгэл үзүүлэхдээ маруухан. Ихрийн ордыхон хүмүүсийн хоорондын харьцааг маш сайн мэдэрдэг, өрнүүлж чаддаг учраас гарамгай улс төрч болж чадна.

Тэд таныг ямарч асуудал дээр амархан ятгаж чадна. Хэрэв та түүнд гомдвол шууд л ойлгох бөгөөд бодлыг чинь дор нь өөрчилж бас чадна. Ихэр өөрийн санал бодлоосоо ухрах тохиолдолд ажиггүй амирлангуй хүний дүр үзүүлдэг.

Ихэр туйлын зорилгодоо хүрэхийг эрмэлзэх боловч яг түүнээ тодорхойлж чаддаггүйн учир нь мөнгө төгрөг ч тэр, алдар нэр ч тэр, хайр дурлал ч тэр дангаараа Ихрийг бүхэлд нь эзэмдэж чаддаггүй. Тэрээр ямар нэгэн боломжгүй зуйл рүү тэмүүлдэг.

Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн хүн мэт. Гэвч ямарч ажилд түүртэхгүй боловч хэзээд сэтгэл хангалуун бус. Ихэр гадаадад аялалаар явах, ер бусын гоё чамин зүйлсд дурладаг. Ёстой шал хэрэггүй юм худалдан авдаг үүнээсээ болж өр ширэнд орох нь элбэг.

ИХЭР-ЭРЭГТЭЙ
Та Ихэрт дурлавал уйдна л гэж байхгүй. Тантай үргэлж 2 хүн байна гэж бод. Хоёуланг нь та сонгосон. Та түүнийг хаана яваа хэзээ гэртээ ирэхийг хэзээ ч мэдэхгүй. Тэр талх авчирна гэж гараад 3 хоногийн дараа ч ирж мэднэ. Ганцхан юманд итгэлтэй байж болно, хаана хөгжилтэй байна тэр тэнд яваа.

Ихэр эрэгтэй ард түмний хайртай хүү чадварлаг яриа хөөрөөтэй хүн, түүнд халамж анхаарал, хайр энхрийлэл зайлшгүй хэрэгтэй байдаг. Түүнд ганцаардлаас аймшигтай зүйл үгүй. Зөвхөн ганцаардлаас зугтсандаа тэрээр нийгмийн хамгийн доод түвшний шаар шавхруунуудтай ч нөхөрлөж чадна.

Тэд хурц ухаантай, хөдөлгөөний эвсэлтэй, хүнд магтаалын гоё үг хэлж чаддаг. Ихэр хамт олны зүрх сэтгэлийг татсан хүн. Ихрүүдийн сэтгэл санаа, ааш мөн түүний амьдралын зорилго ч бас ямар ч үед өөрчлөгддөг. Ихэнх үед ихрүүд амьдралдаа сэтгэл хангалуун биш гэдгээ илэрхийлдэг.

Тэд аливаа зүйлд тууштай биш. Өнөөдөр тэр танд хайраа илчлэх боловч маргаашийн болзоонд ирэхгүй байж чадна. Хэрвээ та үүнийг нь уучилбал маргааш нь таньд гэрлэх санал тавих боловч тун удалгүй хамтдаа аз жаргалгүй байна гэдгээ итгүүлэх болно. гэвч та түүнд гомдох хэрэггүй, яагаад гэвэл цагийн дараа тэр танд тэс өөр зүйл хэлнэ.

Хэрвээ та тоглох дуртай бол тэр таны сайн хамтран тоглогч болно. Гэхдээ, мэдээж бооцоогоо тавихаасаа өмнө сайн тоглогч ч гэсэн тоглоомныхоо дүрмийг сайн мэдэх ёстой. Хэрвээ та Ихрийн ордны эрчүүдтэй харьцахдаа хэтэрхий ойртохгүй, өөрийнхөө сэтгэл санааг халуунаар илэрхийлэхгүй байвал түүнтэй харьцах нь тааламжтай болон энгийн байна. Түүний хүзүүнээс нь бүү зүүгд. Тэд байнгын дарамтыг тэвчиж чадахгүй.

Түүнд нэгэн далд нууцлаг зүйл байдагтай нь мөн тэр хэний ч өмнө өөрийгөө нээдэггүйтэй нь та эвлэр. Түүнтэй тайван бөгөөд энгийн харьц түүнийг бүү залхаа. Түүний анхаарлыг татмаар байгаа бол түүний санаа сэтгэлгээг нь байнга сэргээхийг хичээ. Дуугүй хүнд тэр дургүй. Оюун ухаанаараа түүнд бууж өгдөггүй эмэгтэй хэрэгтэй. Түүнтэй хамт өөрчлөгд тэгвэл та хоёрын дурлалын түүх удаан үргэлжлэнэ.

Тэд юу ч бодолгүй шинэ найз нөхдийн төлөө хуучин найз нөхдөө орхино. Энэ нь зүрх сэтгэлгүйгээс биш харин түүний зан характер хувирч байгаатай холбоотой юм. Олон хүнд тэр сэтгэлгүй, өр зузаан хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Тэд нэг гэрлэлтээр хязгаарлагддаггүй, ялангуяа залуу насандаа гэрлэсэн бол. Гэхдээ ер нь бол гэр бүлийн амьдрал түүнд хэцүү байдаг. Эхнэрийн үглэх өө сэв эрэхэд нь маш дургүй. Ихрүүд хаана ч байсан гэртээ юм шиг л байдаг. Хуучин зүйлдээ дасах нь ховор. Ихрүүдтэй харьцаж байгаа бол үүнийг санаж явах хэрэгтэй.

Хөрөнгө мөнгөний тал дээр гэвэл Ихрийн 2 нүүр харагдана. Залуу сайхан насандаа Ихэр өгөөмөр байж чадах боловч өтөл насандаа харамч болдог. Гэхдээ хураасан хөрөнгө зоорь түүнд сонин биш.
Тэр танд үнэнч байх болов уу? Өөрийнхөөрөө үнэнч байна.

Хүүхнүүдэд тэр таалагддаг. Эхнэртэй учир тэднээс хол байна гэж бүү бод. Ихэр энэ харьцааг байх л ёстой зүйл гэж боддог учраас хэрэв та хардаад эхэлбэл ихэд эмзэглэнэ. Ихрийн эргэн тойрон хов жив тасардаггүй. Түүний нууц амрагийн холбоо сүлбээ ихэнхдээ амжилтгүй дуусдаг нь сэтгэл хувирамтгай зангаас нь болдог.

Хүүхдэд сайхан сэтгэлээр зөөлөн ханддаг. Тэдэнтэй ойр дотно харьцаж амалсан амлалтаа гүйцэтгэхийг хүсдэг боловч тэр болгон биелдэггүй нь харамсалтай.

Сексийн амьдралд Ихэр сайнгүй, ялангуяа биеийн хүчний секс түүнд гол биш. Ихэртэй ойртсоны дараа ихэнхи эмэгтэй сэтгэл дундуур үлддэг. Тэр бодит эмэгтэйг гэхээсээ түүнийг хайрлаж буй хайраа хайрладаг. Романтик хайр дурлал сексийн харьцаанд биш уран сэтгэмжинд нь нөлөөлдөг билээ. Эмэгтэй хүн эхлээд түүний дур булаам байдал, аятай яриа хөөрөөнд татагддаг боловч яваандаа танд биш өөртөө илүү хайртай юм байна гэдгийг ойлгоно.

Ихрийн хувьд таны зиндаа нийгэмд эзлэх байр суурь тун чухал. Түүнд байнга анхаарал халамж тавих хэрэгтэй болдог бөгөөд Ихэрт бүх насаа зориулах эмэгтэй бас олдоно. Мэдээж Ихэртэй жирийн гэр бүлийн амьдрал хэцүүхэн боловч амь бие амьдралаа өргөж гал голомтыг нь сахих хүсэлтэй эмэгтэй цөөнгүй бий.

Ихэр-эрэгтэйн тухай нэг яриа байдаг нь түүнд 2 нууц амраг, 1 ярилцагч байх хэрэгтэй гэж. Гэхдээ заавал 3 эмэгтэй байх албагүй. Магадгүй ганцхан танд энэ бүх чанар шингэсэн байж болно шүү дээ.

ИХЭР-ЭМЭГТЭЙ
Энэ ордны эмэгтэйчүүд ухаантай, тал бүрийн авъяастай цовоо сэргэлэн, мөрөөдөмтгий, сайхан сэтгэлтэй, шаардлагатай, үгэнд оромтгой, хөгжилтэй хүмүүс байдаг. Түүнтэй та уйдахгүй. Гэхдээ хэрэв та хурц халуун сэрлийг мэдрэх дургүй хүн бол өөрийн хувь заяагаа залуу бүсгүй-Ихэртэй бүү холбоорой. Яагаад гэвэл түүний залуу байх үеийн янаг амрагийн холбоо нь түүний хувьд зөвхөн тоглоом юм. Мөн түүний биеэ авч яваа байдал нь тааварлашгүй байдаг.

Тэр өөрийн сэтгэлийн хөөрлийг барьж чаддаггүй, зан байдал нь дандаа хувирч байдаг. Ганц хүнд өөрийгөө зориулах нь түүнд маш хэцүү байдаг. Газар дэлхийн сэтгэл оргилуулсан үйлийг сонирхдоггүй ба үүгээрээ бусдаас ялгардаг. Түүнийг ямар нэгэн чухал зүйлд хандуулах бараг боломжгүй яагаад гэвэл түүнтэй ухаан бодол нь байнга аялж байдаг. Гэхдээ түүний сэтгэлийн гүн рүү нь шагайх юм бол тэр романтик ба тачаал ихтэй эмэгтэй гэдгийг олж харна.

Ихрийн хайр дурлал нь нас ахих тусам эм хүн болж төрсөний бүхий л ид шидийг үзүүлэхийг хүснэ. Тэрээр ухаалаг дур татам, романтик эмэгтэй. Түүнтэй хамт байхад маш сонирхолтой. Дурлалын арга ухааныг олохдоо сүрхий. Гэвч танд үнэнч эсэхэд эргэлзэж байгаа бол түүний дэргэд үргэлж байх хэрэгтэй бөгөөд ” би байна шүү ” гэдгээ байнга сануулж бай.

Ихэр Эмэгтэйд тэнцэх эр хүн олоход ихээхэн ярвигтай. Түүнтэй эн зэрэгцэх эр хүн ховор байдаг учраас жинхэнэ хайрлаж дурлаж чадахгүй явсаар дуусдаг тал бий. Өөрийн эр хүнээ хайх явцдаа түр зуурын холбоонд орох боловч зөвхөн сексийн таашаал авахаас биш сэтгэлийн таашаал авдаггүй. Хэдийгээр эрчүүд салж явсан ч сэтгэлийн гүндээ тэднийг хүндэлж явдаг.

Хэрэв Ихэрт аз таарч жинхэнэ ханиа олбол тэр гэр бүл бүх талаараа үлгэр жишээ гэр бүл мөн. Эр нөхөртөө зөвхөн эхнэр байгаад зогсохгүй үнэнч найдвартай найз нь байх болно. Ихрийн ордын эмэгтэйчүүд гоо сайхан, хүүхэн хүний шинж бүрдсэн, ухаалаг сэхээтэн хүмүүс. Тэднийг өөр хэн нэгнээр солиход хэцүү.

Ихэр уран сэтгэгч – уран зөгнөгч. Тэр хэдхэн мөчийн дотор янз бүр болон хувирч болно. Та үүнд нь эмзэглэх хэрэггүй. Шүүмжлэх биш өрөвдөх хэрэгтэй. Тэр өөрийн сэтгэл санааг тэнцвэржүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд ерөнхийдөө амьдралын баяр баясгалантай эмэгтэй юм.

Тэр жинхэнэ хайр дурлалыг мөрөөддөг боловч эр хүн болгоноос ганц нэг сайн чанарыг л олдог гэтэл түүнд зөвхөн төгс төгөлдөр эр хүн хэрэгтэй. Гэхдээ тэр танд сайн найз нөхөр болж ямарч үйлсэд хамтран зүтгэж чадна. Тэр танд үнэхээр дурлачихаж гэж бодно. Гэхдээ энэ нь өөр эрчүүдийг сонирхохгүй байх шалтаг биш бөгөөд аливаа юманд тэвчээргүй, тогтонги зан чанаргүйн харгайгаар таны болон өөрийн амьдралаа сүйтгэж болзошгүй юм.

Хэрэв та Ихэртэй гэр бүл болвол бусад эрчүүд танд атаархах болно. Яагаад гэвэл таны өмнө 1 биш нилээд олон эмэгтэй байна гэж бод. Та түүнийг ямраар харахыг хүсч байна түүгээр чинь байна. Тэр танд оюун ухааны, сэтгэлийн болон сексийн таашаал өгч чадахаас гадна таны ажил төрөл уруудах үед уурлахгүй, үглэхгүй харин сайн зөвлөгч болж шинэ сонин санаа хэлж өгнө.

Гаднаас нь харахад Ихэр хөнгөн хийсвэр хүн мэт боловч түүнд найдаж болно. Тэд эр нөхөртөө ажил хэрэгч зөвлөлгөө өгөхөөс гадна Ихэр бол гүн ухаанч хүн юм. Нөгөө талаас Ихэр ёжтой эмэгтэй болон хувирч чадна гэдгийг мартаж болохгүй. Тэр таныг өдөөн хатгаж тантай соёлтойгоор хэрэлдэх болно. Та түүнийг давахыг чармайх ёстой бөгөөд цаад сэтгэлдээ Ихэр үүнийг хүсч байдаг.

Түүнд амьдралын атгаг сэжиг байдаггүй, амьдралд юуч тохиолдож болно гэдгийг мэддэг бөгөөд нөхрийн урьд өмнөх нүглийг тоочихгүй, яншихгүй, өө сэв эрэхгүй. Таныг оройтож ирэхэд хаачив гэж байцаахгүй, та ч гэсэн асуух хэрэггүй. Ихэр маш бие даасан эмэгтэй.

Заримдаа хоолгүй гэр орноо цэвэрлээгүй сууж байдаг. Ийм нөхцөлд та биеээ барьж чадвал Ихэр танд талархаж ямар ч тооцоогүй мөнгөө цацдаг. Хэрэв хаа нэгэн газарлуу аялалаар явъя гэвэл юу ч асуухгүйгээр бэлдэж эхлэнэ.

Ихэр сэтгэл зөөлөнтэй, баяр баясгалантай, байнга инээмсэглэж явдаг ээж. Гэвч хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаарлахад дургүй бөгөөд тэдэнтэй үргэлж хамт байхыг хичээдэггүй. Ихэр өөрөө ямар нэгэн хэмжээгээр хүүхдэрхүү зантай учир тэдэнтэй найзалж санаа бодлыг нь сонсож, итгэлийг нь олж чадна.

Тэрээр гайхалтай найзархаг, хөгжөөн наргиантай эзэгтэй учир та ямар ч зочинг гэртээ урихдаа санаа зовохгүй байж болно. Ихэр Эмэгтэй үзэсгэлэн яармаг, театрт очихдоо хурц өнгө эрээн хээтэй хувцасанд дуртай. Хувцас хунар, гэрийн тавилга сонгохдоо маруухан.

Ихрийн Эмэгтэй хүсэл мөрөөдөл таныг зүгээр суулгахгүй байнга урагш чангаах учир та түүнээс хоцрохгүй гэхдээ хамаагүй гүйлгэхгүй барьж чадах /өөрт нь мэдэгдэхгүй/ хэрэгтэй билээ.

БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Ихэр Хонь хоёрт ижил төстэй зан чанар бий учир харилцан бие биендээ татагддаг. Үхрийн ордтой сайн харьцаатай. Мэлхийтэй сэтгэлийн ойлголцол болон эв түнжинтэй байж чадна. Арслан, Жинлүүр, Бумбатай хамгийн сайн зохицон нийлнэ.

Ихэр хоорондоо гэр бүл болвол аз жаргалтай амьдарна. Охин, Нум, Загастай маш муу харьцаатай. Хилэнцтэй бие сэтгэлийн дотно холбоотой байж болох боловч Хилэнцийн өмчирхөг зан Ихрийн туйлбаргүй зангаас болж асуудал хүндэрнэ. Матартай харилцаа хүнд, тэдний хооронд олон зөрчил гардаг тул удаан хугацааны холбоо бараг боломжгүй.

Ихрийн ордод төрөгсөд: Платон, Пушкин, Гоген, Конан Дойл, Глинка, Паскаль, Томас Манн.

Related Articles

2 Comments

  1. An impressive share, I just given this onto a colleague who was doing slightly evaluation on this. And he actually bought me breakfast because I discovered it for him.. smile. So let me reword that: Thnx for the treat! However yeah Thnkx for spending the time to discuss this, I really feel strongly about it and love studying extra on this topic. If potential, as you turn into expertise, would you mind updating your blog with more details? It’s extremely useful for me. Big thumb up for this weblog publish!

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close